Энэ сарын 1-ний өдөр Налайхаас Northbenz маркийн авто машинаар иргэн Б найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун, тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба хаагчид илрүүлжээ.
Түүхий нүүрсийг "Амгалан" дулааны станцад төвлөрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор хоёрдугаар сарын 3-ны шөнө улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн есөн шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаад шилжүүлж, нүүрсийг "Амгалан" дулааны станцад буулгажээ.
Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.
Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг.