Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт шаардагдах төсөв мөнгийг цаг тухайд нь шийдэж байгаа. Мөн ард иргэд, аж ахуйн нэгжүүд биднийг дэмжин ажиллаж буйд талархаж байна.
Үүнээс дурдвал, Монгол-Солонгосын коллежийн оюутнууд стандартын шаардлага хангасан 900 ширхэг амны хаалтыг хийж, Эрүүл мэндийн яаманд бэлэглэсэн. Үүнийг нь өндөр настнууд, эрсдэлт бүлгийн хүн амд тараах болно.
Олон улсад хувийн хамгаалах хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хувийн хамгаалах хэрэгслийн хангалтын сүлжээ байгуулж байна.
-Иргэн бүр маск зүүх шаардлагагүй, зөвхөн ханиад хүрсэн бол зүүх нь зөв гэж ярих хүмүүс байна. Ингэж болох уу?
-Д.Нарангэрэл: Тийм. Ханиах, найтаах, халуурах шинж тэмдэг илэрсэн болон эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд амны хаалт заавал хэрэглэх учиртай. Харин Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг амны хаалт хэрэглэ гэж зөвлөхгүй байгаа. Учир нь манай улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй.