Гандан хийдийн үйл ажиллагаа зогсохгүй ч олныг хамарсан хурал хурахгүй

Олон нийтийн арга хэмжээг гуравдугаар сарын 2-н хүртэл хориглосонтой холбоотойгоор гандан хийдийн ном хурахыг мөн зогсоох уу гэсэн асуудал өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар яригдсан байна.

Ингэхдээ хурал ном хурах ажиллагааг зогсоохгүй харин олныг хамруулахгүй байх гэдэг чиглэл барьсан талаар эх сурвалж хэллээ.

Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Одгарьдтай холбогдон тодруулахад "Гандангийн үйл ажиллагаа зогсохгүй харин цагийн нөхцөл байдлаас шалтгаалан уртасгасан цагаар хурал ном хурж байна.

Ингэхдээ олон хүнийг хамруулсан хурал ном хурах үйл ажиллагааг хязгаарласан. Мөн насанд хүрээгүй шавь, лам нарыг амраасан байгаа. Хамба ламын тушаалаар бүх хийд уртасгасан цагаар хурал ном хурж байгаа" гэлээ.

Мөн сар шинийн үеийн хурал ном уламжлал ёсоор болдгоороо болно, гэхдээ олныг хамруулахгүй гэв.