Шинэ төрлийн титэм вирусээр өдөөгдсөн өвчний улмаас Хятадын Хубэй мужид дахин 37 хүн амиа алдсан талаар РИА Новости мэдээллээ.
Ингэснээр вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 162-д хүрсэн бол нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1032-оор нэмэгдсэн байна. Харин эмчлүүлж байсан 10 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн титэм вирус илэрсэн. Улмаар нэгдүгээр сарын сүүл гэхэд Тайвань, Таиланд, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Балба, Малайз, Макао, Хонконг, АНУ, Канад, Австрали, Франц, Финлянд, Герман, АНЭУ гээд нийт 17 улсад бүртгэгдээд байна.
Энэ вирусийн тохиолдол манай улсад илрээгүй. Харин Хятадтай хиллэдэг ОХУ-д хоёрдугаар сар гэхэд 2019-nCoV вирус хүрнэ гэж Оросын шинжээчид үзэж байна. Хил залгаа улс оронд нь үхлийн аюултай вирус дэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвлөгөөн зохион байгуулж, халдвараас сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг уриалжээ.
Энэ халдвар агаар дуслын замаар хоёр метр хүртэлх зайнаас болоод шууд хүрэлцэх үед халдварладаг бөгөөд өвчнөөс сэргийлэх вакцин хараахан гараагүй байна.