Ж.Амарсанаа тэргүүтэй Сайн дурын эмч нарын баг Ухань руу явна

Ж.Амарсанааг Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсныг нь бүгд мэднэ. Тэрбээр урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусын голомт руу явна” гэсэн байна. Мөн “2019-nCoV вирусын голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах залуу, эрүүл чийрэг эмч байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая. Зөвхөн вирусын тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусын голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулъя. Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусын халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх бизээ” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Ийнхүү хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нарын сайн дурын баг Ухань хотод очиж, коронавирусын халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох болжээ.