Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.
Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кино теар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.