Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Хятадын эрх баригчид сар шинийн баярын амралтыг гурван өдрөөр сунгах шийдвэр гаргажээ.
Албан ёсны амралтын өдрүүд нэгдүгээр сарын 24-нөөс 30-ны хооронд үргэлжлэхээр байсан бол Ням гараг хүртэл (хоёрдугаар сарын 2) сунгахаар болсон байна.
Өнөөдөр буюу Даваа гарагт Хятадын эрүүл мэндийн хорооноос өгсөн мэдээллээр тус улсад коронавирусийн халдвартай хүний тоо 2,744 хүрснээс 300 гаруй өвчтөний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Нас барсан хүний тоо 80 хүрснээс 76 нь вирусийн голомт Хубэй мужид байгаа бол бусад дөрөв нь өөр бүс нутгуудад байгаа ажээ.
Хубэй мужид одоо хагас сая гаруй эмч ажиллаж байна. Хоёр мянган ортой хоёр шинэ эмнэлэг байгуулан ажиллуулж, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлээд байгааг мэдээлжээ.
Шинэ коронавирус хүнд халдсан тохиолдолд нэгээс 14 хоног хүртэл хугацаанд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй байж болзошгүйг албаныхан анхааруулсан байна.
Одоогоор энэ вирусийг эмчлэх вакцин бий болоогүй байгаа юм.