Коронавирусийн халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үeийн мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: 2020.01.27. 11:00 цагийн байдлаар

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫГ БЭЛЭН БАЙДАЛД БАЙЛГАНА

 ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Нэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн нөхцөл байдлын тухайд ДЭМБ-ын мэдээлснээр өвчилсөн хүний тоо 2,796 болж, нас барсан хүний тоо 80 болсон байна.

БНХАУ-д 2,761 тохиолдол, үлдсэн 35 тохиолдол нь бусад улсад бүртгэгдсэн ба бүх нас баралт зөвхөн БНХАУ-д гарсан.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.
Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Эрсдлийн зэрэг дундаас өндөр шилжсэн байдалд байна. БНХАУ-ын 30 муж, 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сэжигтэй гэж үзэж буй есөн орон байна.  

Коронавирусийн талаар үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, ард иргэдэд тайван байхыг зөвлөмөөр байна" гэв. 

Улсын онцгой комисс, Засгийн газраас газраас шийдвэрээс танилцуулбал, Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг  хангаж, шаардлагатай тохиолдолд Резидент эмч нарыг бэлэн байдалд байлгах, иргэд олон нийтэд хандсан мэдээллийг нэг цэгээс хүртээмжтэй хүргэхийг үүрэг болгосон" гэв.

"ХЯТАДЫН ТАЛ ЗӨВШӨӨРВӨЛ МАНАЙ УЛС ОНГОЦ ГАРГАЖ, ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН ТОМИЛОН УХАНЬ ХОТООС ИРГЭДЭЭ АВЧРАХАД БЭЛЭН БАЙНА"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Бид ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Эмч, мэргэжилтнүүддээ онлайн сургалт, зөвлөгөө өгч байна. Монгол Улс вирусийн халдварын 21 үүсгэгчийг илрүүлдэг. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж явдаг учир үндэсний лабораториуддаа эргэлзэх хэрэггүй. 

Ухань хотод Монгол Улсын 31 иргэн бий. Монгол оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг Хятадын тал хариуцаж байгаа. Хятадын тал зөвшөөрвөл манай улс онгоц гаргаж, эмч мэргэжилтэн томилон иргэдээ авчрахад бэлэн байна. Иргэдэд хандаж хэлэх нэг зүйл байгаа нь эдгээр хүмүүсээ татаж авсан тохиолдолд бид олон улсын дүрмийн дагуу ажиллана. Ухань хотоос ирсэн иргэдийг шууд ХӨСҮТ-д тусгаарлан, 14 хоногийн турш эмнэлгийн хяналтад байлгах учраас гэр бүлийнхэн нь эрүүл мэндийн байгууллагын ажилд саад болохгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн гар утсанд өгч байгаа мессежийг утасны хэрэглээтэй холбоотойгоор крилл үсгээр шууд өгөх боломжгүй байгаа гэдгийг ойлгоорой. 

Аливаа халдварт өвчин гарахад дэлхий нийтээр баримталдаг гол зарчим бол мэдээллийн нэгдсэн удирдлагатай байх. Холбогдох тогтоолуудын дагуу бүх эмнэлгүүддээ тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. 

Тиймээс та бүхэн иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж, янз бүрийн мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Шинэ короновиурсын дэлхийд гарч байгаа тохиолдлын тоо Цогтбаатар даргын хэлсэнтэй адилхан.

Бэлтгэл ажил сайн явагдаж байгааг бид өнгөрсөн хагас сайн өдөр ХӨСҮТ дээр ажиллахдаа харсан. Цар тахалын бэлтгэл ажил ЭМЯ болон ДЭМБ дээр өдөр тутам хийгддэг ажил тул үүнийг бэлэн байдалд оруулах ажил явагдаж байгаа. Энэ долоо хоногт оношлуураа аваад баталгаажуулах ажиллагаа явагдана. Бэлэн байдлын үйл ажиллагаа нь эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх, хилийн хяналт тандалтыг эрчимжүүлэх ажлууд байна. Мөн бүх салбарыг нэгдсэн мэдээллээр хангах явдал юм" гэв.

Коронавирусийн шинэ халдвараас хамгаалахын тулд:

Гараа сайн савандаж угаах
Амны хаалт зүүж хэвших
Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.