Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж.
Тиймээс энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад сургуулийн автобусаар зорчих хүүхдүүдийн NFC чип бүхий бугуйвчийг гардуулан өглөө.
Сурагчид сургуулийн автобусанд сууж, буухдаа бугуйвчаа уншуулснаар эцэг эхчүүд хүүхдээ автобусанд хэдэн цагт хаанаас суусан, буусан талаар болон автобусны байршил, хурдны мэдээллийг аппликейшнаар харах боломжтой юм.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 33 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм.
Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд, сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж.
Мөн бугуйвчийн хэрэглээний зааврыг олон нийтэд хүргэж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байна.