Манай улсад нийтийн цахим сүлжээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдон интернэт орчинд “диплом гаргаж өгнө” гэж зар байрлуулах, 9911, 8811 дугаар авна гэх зарын дагуу тухайн зар байрлуулсан хүнтэй утсаар ярих, дурын дугаарыг сонгон залгаж “Солонгос Улсаас карго ирсэн” гэх зэргээр ярьж бусдын данс ашиглан 54 удаагийн үйлдлээр нийт 36,741,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хохирогч нар утсаар ярьсан хүний үгэнд итгэн, тухайн хүнтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн утсаар ярьсан үгэнд итгэн мөнгөө шилжүүлжээ.
Гэмт этгээд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа үл таних хүнээс дансаар чинь яаралтай мөнгө авах хэрэгтэй байна, аав, ээжийн эм, тарианы мөнгийг яаралтай шилжүүлэн авах хэрэгтэй байна гэж хуурч бусдын данс ашиглан мөнгө шилжүүлэн авч байсан.
Мөн “ногоон паспорт гаргаж өгнө”, “Хөдөлмөрийн яаманд ажилдаг ажилтан гэрээгээр гаргана, виз гаргаж өгнө”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилдаг тендер авч өгнө” гэх зэргээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй гэх зэргээр ярьж материал болон мөнгийг бэлнээр болон бусдын данс ашиглан авч залилсан хэрэг гарсан.
Хохирогч нар тухайн төрийн байгууллага дээр очин санал болгосон ажил үйлчилгээ нь бодитой эсэхийг лавлаж, шалгахгүйгээр хувь хүний үгэнд итгэн мөнгөө өгсөн байна.
Таны фэйсбүүк, и-мэйл хаягаар таны ойр дотын хүний хаягаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэтээр янз бүрийн шалтгаан бичиж мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдож мэдээллийг баталгаажуулах шаардлагатай.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гэмт этгээдийн санал болгосон ажил, үйлчилгээ нь бодитой эсэхийг холбогдох байгууллага дээр нь хариуцсан албан тушаалтантай уулзан үнэн бодит мэдээллийг авч байх шаардлагатай. Мөн таны руу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж санал тавьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаар.