Хятадын Ухань хотод анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусын тохиолдол Японд бүртгэгдсэн байна. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 30-аад насны эрэгтэй энэ сарын гурванд Ухань хотод байхдаа өндөр халуурсан ба гурав хоногийн дараа Японд эргэн иржээ. Тэрээр вирусын шинжилгээ өгсөн нь эерэг гарсан юм.
Өвчтөн Уханьд байхдаа далайн бүтээгдэхүүний зах дээр очоогүй гэжээ. Үүнээс үзэхэд тус халдвар хүнээс хүнд дамждаг байх боломжтой гэж зарим судлаачид үзэж байна. Үүнээс гадна Ухань хотод зорчсон Тайландын 61 настай эмэгтэй мөн халдвар туссан нь даваа гарагт тогтоогдсон юм. Тэрээр халдварын вирус анх илэрсэн далайн бүтээгдэхүүний захаар орсон байжээ.
Энэ сарын эхээр Ухань хотод үл мэдэгдэх вирусын 41 тохиолдол бүртгэгдэж нэг хүн амиа алдсан юм. Өвчтөнүүдийн ихэнх нь Ханхуа далайн бүтээгдэхүүний захын ажилтан болон үйлчлүүлэгч байжээ. Судлаачид халдварыг коронавирусний шинэ төрөл гэж тогтоосон ч үүсэл гарал, дамжих зам зэргийг судалсаар байна. ДЭМБ-ын мэдээлснээр уг вирус нь САРС, МЕРС-ын халдварыг үүсгэгч коронавирусын нэг төрөл аж.