"Нэгдсэн Орос" нам Михаил Мишустиныг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлснийг дэмжсэн талаар Regnum агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэр дэвшигчийг тус намын гишүүд санал нэгтэй дэмжсэн байна. Мишустин Ерөнхий сайдын албан тушаалд ажиллахдаа үндэсний хэмжээний төслүүд болон тоон эдийн засагт голчлон анхаарна гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн сайд нарын танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэдгээ дуулгасан ч энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ийнхүү "Нэгдсэн Орос" намынхантай уулзсан Мишустин өнөөдөр бусад фракцуудтай ч уулзах аж. Түүнчлэн Думын дарга Вячеслав Володинтой өнөөдөр уулзсан юм.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон тухай зарласны дараахан Ерөнхийлөгч Владимир Путин Мишустиныг шинэ Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн. Мөн өдөр нэр дэвшигч Думын зөвлөлийн ээлжит бус хуралд оролцсон байна.