Дэлхийн банкнаас 349 сая долларын зээл, тусламжийг олгожээ

Дэлхийн Банкны Зүүн ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква Монгол Улсад нэгдүгээр сарын 13-14-нд албан айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол улс 2016 оны эдийн засгийн хямралаас хойш хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтэд гарсан ахиц дэвшлийг онцолсоны зэрэгцээ энэхүү ололт, амжилтаа улам баталгаажуулж, одоогийн хэрэгжүүлж буй шинэчлэлээ тууштай үргэлжлүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.  

Хатагтай Викториа Кваква айлчлалын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан, Монгол Банкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нартай албан уулзалт хийж, Дэлхийн Банк, Монгол Улс хоорондын урт хугацааны түншлэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг цаашдын хөгжилд Дэлхийн Банкны зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлийн талаар санал солилцов.

Дэлхийн Банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй зээл, тусламжийн хэмжээ одоогийн байдлаар 349 сая гаруй ам.долларыг даваад байгаа бөгөөд уг төсөл, хөтөлбөрүүд нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүч, боловсрол, мэдээлэл харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, төв болон орон нутгийн засаглалын чиглэлээр хэрэгжиж байна.

Хамгийн сүүлд Дэлхийн Банкнаас Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдсэн Монгол улсын бодлогын шинэчлэлийг дэмжин “Монгол Улсын Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн 2 дахь шатны санхүүжилт болох 100 сая ам. долларын зээлийг батлаад байна.

Дэлхийн Банкнаас Монгол улстай цаашид хамтран ажиллах Түншлэлийн стратегийг 2020 онд багтаан боловсруулна хэмээн тус банкнаас мэдээлжээ.