Дөнгөж 13 настай хэдий ч 40 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдэлтэй М гэх хүүг Мөрдөн шалгах хэлтсийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас саатуулсан байна.
Гэмт этгээд ихэвчлэн хичээлийн бус цагаар эсвэл хичээлээ тасалсан үедээ хулгайн гэмт хэргийг үйлддэг гэжээ. 13 настай хүүтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг насанд хүрэгч этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр шалгагдаж байсан, давтан гэмт хэрэг үйлдэгчид байгаа юм.
Эдгээр этгээдүүд орон байрнаас цахилгаан бараа, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлдаг байна. Хулгайлсан эд зүйлсээ ихэвчлэн барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардаар худалдаалж, борлуулдаг аж.
Цагдаагийн байгууллагаас 2020 онд барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалт хийж, хулгайн эд хөрөнгө илэрвэл тухайн газрыг хаах хүртэл арга хэмжээ авах юм байна. Орон байрны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн 08:30-17:00 цагийн хооронд буюу иргэдийг ажилдаа явсан хойгуур үйлдэгддэг байна. Тиймээс иргэд орон байраа камержуулах, эзэнгүй удаан орхихоор хөршдөө болон, хороо, хэсгийн байцаагч нартаа мэдэгдэх хэрэгтэй. Мөн гудамж, хороолол, хотхоныг камержуулах тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Иргэдэдээ анхааруулахад 2019 онд танай гэрт хулгай орж, эд зүйлсээ алдсан, гэмт этгээдийг олж тогтоогоогүй байгаа бол цагдаагийн байгууллагад хандаарай.