Иран Украины онгоцыг пуужингаар сөнөөсөн гэв

"Украины олон улсын агаарын тээвэр" компанийн онгоцыг Тегераны нисэх буудлаас хөөрсний дараа сөнөөсөн тухай мэдээлэл Канадын эрх баригчдад бий гэж Ерөнхий сайд Жастин Трюдо мэдээллээ. Энэ мэдээллийг Их Британи ч мөн баталсан бөгөөд харин Иран үүнийг няцаасан байна. 

"Манай холбоотнууд болон манай улсын тагнуулууд зэрэг олон эх сурвалжаас авсан тагнуулын мэдээлэл бидэнд бий. Энэ мэдээллээр Иран "газар-агаар" пуужингаар онгоцыг сөнөөсөн гэдэг нь батлагдаж байгаа юм" хэмээн Канадын Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдэгджээ. 

РИА Новости агентлагийн мэдээлснээр онгоцыг пуужингаар сөнөөсөн талаар Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ч мөн мэдэгдсэн байна.

"Санаандгүйгээр ийм үйл явдал болсон байж болзошгүй. Бид Канад болон олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа, энэ хэргийг нарийвчлан шалгах ёстой" хэмээн Жонсоны бичгээр гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Харин дээрх мэдэгдлүүдийг Ираны Иргэний агаарын тээврийн байгууллагын тэргүүн няцаасан байна.

"Онгоцны нисгэгч нисэх буудал руу буцах оролдлого хийсэн, мөн онгоц агаарт дэлбэрээгүй гэдгийг бид баталж чадна. Тиймээс онгоцыг пуужингаар сөнөөсөн гэсэн хувилбар байхгүй" хэмээн тэрбээр мэдэгджээ.

Одоо Тегеранд Украины агаарын шинжээчид ажиллаж байгаа бөгөөд тэд онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж унших юм.

Эргэн сануулахад, Украины Boeing 737 онгоц Тегеран-Киев чиглэлд нислэг үйлдэхээр Тегераны нисэх буудлаас хөөрснийхөө дараахан осолдсон. Онгоцонд 168 зорчигч, хөлгийн багийн есөн гишүүн байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан юм.  Хохирогчдын ихэнх нь Канад болон Ираны иргэд байжээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл онгоцны сүйрлийн талаар хувилбар дэвшүүлэхдээ онгоцыг зенит пуужингаар харвасан эсвэл нисэгчгүй нисэх төхөөрөмжтэй мөргөлдсөн байж болзошгүй хэмээн үзсэн юм. Түүнчлэн онгоц дотор алан хядах ажиллагаа үйлдэгдэж дэлбэрэлт болсон, техникийн шалтгаанаар хөдөлгүүр дэлбэрсэн гэсэн хувилбаруудыг ч дэвшүүлжээ.

Харин Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын урьдчилсан шалгалтын илтгэлд онгоц агаарт шатсан, сүйрэхээс өмнө нисгэгчид онгоцыг нисэх буудал руу буцаах оролдсон гэж онцолсон байв. Гэвч техникийн хүндрэл үүссэн талаар экипаж ямар нэг дохио өгөөгүй аж.