Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооны Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын гэрэл зурагчны бүтээл шилдэг 10-т багтсан байна.
Энэхүү уралдаанд дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчин 1746 бүтээлээ сойсноос “Спортын гайхамшигт агшин” төрөлд Чулуунбаатарын Ганбатын бүтээл “Шилдэг 30”-ын нэгээр шалгараад байв. Өчигдөр AIPS шилдэг 30-аас топ 10-ыг шигшин зарласан бөгөөд зурагчин Ч.Ганбатын бүтээл нэрлэгджээ.
Энэ сарын 15-нд “AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагчийг тодруулна. Шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хурлын үеэр болох гэнэ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан ажиллаж, өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг-2012” уралдааны Гранпри, тус уралдааны 2017 оны тэргүүн байрын шагналтан юм.