Хятадад дэгдсэн хатгалгаатай төстэй үл мэдэгдэх өвчин шинэ төрлийн вирусээс үүсгэгдсэн байж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.
Хятадын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс хойш тархаж буй уг өвчний үүсгэгчийг тогтоогоогүй хэвээр байгаа юм. ДЭМБ Хятадын эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилснаар, уг халдварын үүсгэгч нь амьсгалын замын цочмог халтай хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/, шувууны томуу болон бусад тогтоогдсон өвчин үүсгэгчтэй холбоогүй байжээ.
“Өвчтнүүдэд илэрч буй шинж тэмдгүүдээс үзэхэд уг халдвар шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн байж болзошгүй боловч нэмэлт судалгаа шинжилгээг явуулах болно” гэж ДЭМБ мэдээлсэн байна. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, өвчтнүүдийн тоо 59 болж нэмэгдсэнээс 7 хүний биеийн байдал хүнд байгаа аж.