Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээр дээрээс нь мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2019 оны тавдугаар сараас хойш Төв аймгийн нутаг дэвсгэр болон Нийслэлийн БЗД, СХД, СБД-ийн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болох 10 этгээдийг 2020 оны нэгдүгээр сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон тооны бод мал хулгайлан нядалж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь 2019 оны тавдугаар сараас хойшхи хугацаанд нийтдээ Төв аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрээс 25-30 тооны бод малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлж нядлан СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" захын ченжүүд болох Э, А, Х нарт зарж борлуулж байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.
Мөн нийслэлийн БЗД, СБД, СХД-ийн нутаг дэвсгэрээс бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч олон тооны алт, мөнгөн эдлэл, эртний эдлэл, цахилгаан бараа зэргийг хулгайлж нийслэлийн "Нарантуул", "Хархорин" захууд дээр зарж борлуулсан 10 удаагийн үйлдэл тогтоогдсон байна.
Дээрх гэмт хэргийг 11 этгээд хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр үйлдсэн бөгөөд тэдний 10 нь өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг болон орон байрны хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан байна.
Уг этгээдүүд одоогийн байдлаар 100 орчим сая төгрөгийн хохиролтой гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.