Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг IJF World Tour тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмших боллоо.
Тэрээр 2010 оны 12 дугаар сарын 17-оос 2019 оны 4 дүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулсан IJF World Tour тэмцээнд нийт 35 медаль буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Мөн тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансаанд 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн юм.
М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ. Эцэг Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 2006 онд "Женко" клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон түүхтэй.