Өрхийн мэдээллийн судалгаагаар хүүхдийн мөнгө олгоно

200 гаруй тэрбумаар батлагддаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, 144 тэрбум болгохдоо амьжиргааны түвшнээр ялгаж олгохоор тогтсон. Ингэснээр хүүхдийн мөнгийг ирэх жилээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгохоор болсон юм. Тодруулбал, Монгол Улсын нийт айл өрхийн амьжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хүүхдийн мөнгө ирэх онд хэвийн олгогдох юм. Эдгээр бүлгүүдэд нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх тодруулгыг салбар яамнаас өгч буй.

Харин 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшин бүхий айл өрхүүд хүүхдийн мөнгө авах эрх эдлэхгүй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа юм. Жил бүр Хүний хөгжил сангийн дансанд хүүхдийн мөнгөний үлдэгдэл тэрбум орчим төгрөг үлддэг байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж үздэг амьжиргааны түвшин өндөр өрхүүдийн мөнгөн хуримтлалаас бүрддэг аж.