Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас энэ онд хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөөд байсан юм. Энэ дагуу 2019 онд 150 сая хуудас материал бүрэн цахимжуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл 3.3 сая иргэн, 1.1 сая эд хөрөнгө, 194 мянга хуулийн этгээдийн мэдээлэл цахим хэлбэрээр байгаа юм байна.
Энэ талаар тус газрын дарга Б.Баасандорж “Энэ онд гадаадын хөрөнгө оруулалттай 216 компани бүртгүүлээд байна. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалттай 484 хуулийн этгээдэд шалгалт явуулж, зөрчил гаргасан 139 компанийн бүртгэлийг хүчингүй болгосон. Бүртгэлийн мэдүүлэг өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй гэх зөрчил илэрснээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн Татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстойг нэмж хэлэв.