Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд нийт 218 гомдлыг хүлээн авч, хянасан байна. Өнгөрсөн оны мөн үе буюу 2018 оны байдлаар 197 гомдол хүлээн авч хянан шийдвэрлэж байсан аж.
Тус газарт ирүүлж буй тендер шалгаруулалттай холбоотой гомдлын шийдвэрлэлтийг үзвэл:
• Нийт гомдлын 40% нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн байх тул тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулахыг мэдэгдсэн
• 35% нь захиалагч тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй
• 10% нь аж ахуй эрхлэгч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байжээ.
Тус газарт ирүүлж байгаа гомдлын дийлэнх хувийг барилга, дэд бүтцийн салбарын тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гомдол эзэлж байсан аж. Захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэх явцдаа өрсөлдөөнийг хязгаарласан, аж ахуй эрхлэгчийг тендерт оролцохыг хязгаарласан шалгуур тогтоох зэрэг зөрчлийг гаргаж байгаагаас шалтгаалан тендер шалгаруулалтыг нээх хугацаа нь хойшилж байна.
Цаашид тендерийн баримт бичиг бэлтгэхдээ өрсөлдөөнийг хязгаарласан, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох, тендерийн баримт бичигт үндэслэлгүйгээр шалгуур оруулах зэрэг зөрчлийг давтан гаргахгүй байхыг тус газраас захиалагчдад зөвлөжээ.