Э.Энхболд: Солонготын даваа орчим дөрвөн жилийн дотор найман хүн амь эрсэдсэн

Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн замд хот хоорондын том оврын автобустай үйлдэгдсэн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудын уулзалт зохион байгуулсан. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл осол их гаргаж байна. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авч байна?

-Сүүлийн нэг хоёр жилд хот хоорондын зорчигч тээвэрт зорчиж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа статистак тоон баримт байна. Тухайлбал, 2018 онд хот хоорондын замд зорчигч тээвэрт явж байсан тээврийн хэрэгсэлд холбогдсон найман гэмт хэргийн тохиолдлоос найман хүний амь нас эрсдэж, 14 хүн гэмтэж байсан. Харин 2019 онд арван зам тээврийн хэрэг бүртгэгдэж, долоон хүний амь нас хохирч, 59 хүн гэмтэж бэртэж байсан. Иймээс ирэх 2020 онд энэ тоог нэмэгдүүлэхгүй бууруулах чиглэлээр зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллага, хэргийг шалгаж байгаа байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь юу байгаа гэдгийг ярилцаж байна. Мөн осол аваарыг хамтдаа бууруулахаас гадна хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгслийг аюулгүй найдвартай байлгах чиглэлд анхаарч ажиллана.

-Томоохон ослын гол шалтгаан юу байна. Аль чиглэлийн зам хамгийн их эрсдэлтэй байна вэ?

-Энэ оны нөхцөл байдлаас үзэхэд Сэлэнгэ, Завхан, Дорноговь аймагт хот хоорондын тээвэртэй холбоотой зөрчил гарлаа. Хот хооронд ноцтой осол гарч байгаагийн үндсэн шалтгаан нь аймаг руу, нийслэлээс захын аймаг руу явахад туулах зам нь их байдаг. Энэ туулах замд жолоочийн бие болон сэтгэлзүйн байдал, ядрал осол аваар гарахад нэлээд нөлөөлдөг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалж байна. Хот хоорондын замд зорчихдоо зориулалтын амралтын зам талбайг бүрэн хийж өгөөгүй байдлаас бас болж байгаа. Уг нь стандартаа 50 км тутамд тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслээ зогсоох талбай байгуулах ёстой. Энэ нь байхгүй байгаа учраас осол аваар гарч байна.

-Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэр Солонготын даваа орчимд нэг газарт хоёр машины осол гарч хоёр хүний амь эрсдсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Завхан, Архангайн хооронд зорчиж явсан автомашин Солонготын давааны орчимд замын хажуу руу онхолдож хоёр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ осол гарахаас гурван хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын иргэд мөн тухайн хэсэгт автомашинтайгаа онхолдож, гэмтэж бэртсэн хэрэг гарсан.

2015-2019 оны хооронд тухайн хэсгийн авто замд гарсан ослын мэдээллийг судалж үзэхэд нийт найман хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, энэ жил тухайн зам дээр хоёр хүний амь эрсдэж, 10 хүн гэмтэж бэртсэн бол 2018 онд хоёр хүний амь нас эрсдэж, дөрвөн хүн гэмтэж, бэртсэн гэх тоон мэдээлэл бий. Эдгээр ослын шалтгаан, нөхцөлийг авч үзэхэд замын аюулгүй байдал болон замын хийц тогтцоос хамаараад нэлээд эрсдэлтэй зам гэж болохоор байна. Тус авто замыг 2017 онд ашиглалтад хүлээж авах байсан боловч Солонготын давааны орчмын эргэлтүүдэд байх ёстой туузан хаалтуудыг гүйцэтгэгч байгууллага төсөв хэтэрсэн шалтгаанаар байрлуулаагүй бөгөөд үүнээс болж Улсын комисс хүлээж аваагүй. Иймээс энэ зам дээр шалгалтын ажиллагааг явуулж юунаас болсон гэдгийг тогтоохоор Архангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

-Тэгэхээр ослын тухайд замаас шалтгаалсан гэж тогтоогдчихсон гэсэн үг үү?

-Үгүй ээ. Тухайн замд холбогдох тэмдэг, тэмдэглэгээ нь байсан эсэх асуудлыг Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа. Гэхдээ тус авто зам нь Архангай аймгаас Завхан чиглэлд явах үндсэн бөгөөд хамгийн боломжтой зам. Тийм учраас аюулгүйн тоноглолууд болон авто замын зураг зурагдахад л хийгдэх ёстой байсан туузан хаалтууд хийгдээгүй асуудлуудыг нэлээд сайн шалгана. Авто замын тухай хуульд зааснаар тухайн авто замыг барьж ашиглалтад оруулж байгаа бол стандарт шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Авто зам хариуцсан байгууллага өдөр тутамд халтиргаа гулгаа үүсч, аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Замыг аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

-Хэрвээ тухайн хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй болон авто замаас шалтгаалсан эсэх нь тогтоогдвол хэн хариуцлага хүлээх вэ?

-Авто замын тухай хуульд зааснаар авто зам барьж, ашиглалтад оруулж байгаа компани нь стандарт шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой байдаг. Мөн тухайн замыг арчлагч, хариуцагч байгууллагууд өдөр тутамд хяналт шалгалт хийж, халтиргаа, гулгаанаас эхлээд аюултай нөхцөл үүссэн бол түүнийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй. ​Тээврийн цагдаагийн албаны хувьд осол гараад буй цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтууд явуулан засах шаардлагатай бол холбогдох албан мэдэгдлийг зам хариуцагч, зам эзэмшигч байгууллага руу нь өгч ажилладаг. Шалгалтын явцад осол тухайн авто замаас шалтгаалсан тохиолдолд тухайн авто замыг хүлээж авсан, төсөвлөсөн байгууллага хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн алба зам арчлах болон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах үндсэн үүргийг хүлээдэггүй. Харин Авто замын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиараа замын аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон аймаг хоорондын замыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто замын хөгжлийн үндэсний төв гэх байгууллагууд хүлээдэг.

-Орон нутгийн замд эрсдэл их зам хэчнээн байна вэ?

-Зам тээврийн осол гарч хүний амь нас эрсдэж байгаа эдгээр цэгүүдийг зам тээврийн ослын аюултай цэг гэж үздэг. Энэ цэг нь янз бүрийн шалтгаан нөхцөлөөр үүсч бий болсон байгаа. Тээврийн цагдаагийн албанаас осол аваар гарч байгаа цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтыг явуулж, зам засварлах шаардлагатай байна. Замын эргэлт тойргийг өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг зам хариуцсан байгууллага руу явуулдаг.

-Одоогийн байдлаар огцом эргэлтэй замыг өөрчилсөн тохиолдол байгаа юу?

-Баянхонгор аймгийн замын хийцийг өөрчилж, огцом эргэлтийг тойруу эргэлт болгосон. Ингэж өөрчилснөөр осол буурсан. Манайд авто замын аудит гэдэг зүйл дутагдалтай байгаа.

-Налайхын зам ашиглалтад орсон. Жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол хэр их гарч байна?

-Налайхын зам бүрэн ашиглалтад ороогүй байгаа. Суурь хучилт хийгдээгүй, явган хүний гүүрэн гармыг хийгээгүй. Эдгээрийг бүрэн хийсний дараа энэ зам бүрэн ашиглалтад орно гэж ойлгох хэрэгтэй.Жолооч нар 80 км цагийн хурдтай явж болохгүй юм уу гэдэг асуудлыг тавьж байна. Энэ зам ашиглалтад орсноос хойш тухайн зам дээр ослууд гарч байгаа нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой. Налайхын зам орон нутгийн зам биш. Одоогоор Налайхын замд гурван хурд бууруулагчийг байршуулсан байгаа.