Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.
Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг.2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан хүн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор чулуун хаалтыг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм.
Хотын Захирагч С.Амарсайхан “Төрийн тусгай хамгаалалтын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор ийм ажил хийж байгааг ойлгож байна. Гэхдээ яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Төрийн тусгай хамгаалалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажлаа уялдуулж ажиллаарай” хэмээлээ.
Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.
Дашрамд дурдахад, Гадаадын хөгжингүй орнууд төв талбайгаа гадны элдэв хүчин зүйлээс хамгаалах зорилгоор ийм хаалтууд байршуулдаг байна.