Эмэгтэйчүүдийн хөтөч булангийн “Таны зөвлөх”-өөр бид стилист, дизайнер О.Орхоныг урилаа. Тэрээр “Eagle” телевизэд стилистээр ажилладаг ба ажлынхаа хажуугаар түүний зөвлөгөө хэрэгтэй хүн бүрд хувь хүний имидж бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг юм. Мөн хар багаасаа л зурж, урлах хоббитой байсан гэх О.Орхон хувцас загварын салбарт хүч үзэхээр “Moshi Art” брэндээ нээгээд удаагүй байгаа юм. Түүнтэй бид хэвлэл мэдээллээр тэр бүр яриад байдаггүй хувь хүний имидж бүрдүүлэлт хийгээд түүнийг хувийн карьер, ажил хэрэгтээ хэрхэн яаж “шингээх” талаар ярилцсан юм.
“Хүний имидж, стилийг өөрчлөхийн тулд тухайн хүнээ гүн гүнзгий ойлгох учиртай”.
-Та бид хоёрын ярилцах сэдэв миний хувьд их сонирхолтой. Гол сэдвээ эхлэхээс өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Миний хувьд хувцасны дизайны мэргэжилтэй. 2001-2004 онд ШУТИС-ийн Үйлдвэр технологи, дизайны сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөөд, Тайваний Тайнаны их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2006 онд ШУТИС-д урлаг судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийнхээ бас нэг чиглэл болсон стилист буюу хүний өнгө төрхийг тодорхойлж, өөрчилдөг ажилд дурлаад ялангуяа эфирээр гарч, үзэгчдэд хүрдэг хүмүүстэй ажиллаж явна даа.
-Яагаад стилист гэж. Дизайны багшаар ажиллах эсвэл хувийн урлан нээх зэргээр ажиллах бодол байгаагүй хэрэг үү?
-Стилист хүн бол тэр хүний хувцас, биеэ авч явах байдал, биеийн хэлэмж цаашлаад сонсдог хөгжимд нь хүртэл нөлөөлдөг гэдэг. Их өндөр мэдрэмж, ур чадвар шаардсан ажил шүү. Мэдээж ингэж ажиллахад миний дизайнер мэргэжил маш их нөлөөлдөг. Маш том давуу тал болдог гэх үү дээ. Тухайн хүний нүүр царай, үс засалт, хувцаслалт, биеэ авч явах байдал гээд стиль, имиджийг хүсэл сонирхолд нь нийцүүлэн тодорхой хэмжээгээр сайн тал уруу нь өөрчилнө гэсэн үг. Ер нь их сайхан ажил л даа. Тэгээд л татагдсан хэрэг.
Тайванд төгсөж ирснийхээ дараа ШУТИС-д хэсэг багшилсан. Бас саяхнаас найзуудынхаа зөвлөснөөр ажлынхаа чөлөөт цагаараа, цэвэр хоббигоороо гэх юм уу даа, “Moshi art” гээд брэнд урлангаа нээгээд байна. Ер нь бол үндсэн ажлынхаа хажуугаар хувцас урлах ажлаа зогсоож байгаагүй. Өөрийн гэсэн брэндтэй болно гэсэн зорилго, мөрөөдөл байсаар ирсэн. Тэгээд л ажлын газрынхан болон эргэн тойрны найзууд, хүмүүсийнхээ захиалгаар хувцас урлаж өгдөг байсан. Хэд хэдэн үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй ч болсон байгаа.
-Өнөөдөр би тантай хувь хүний имидж бүрдүүлэлтийн талаар яриа өрнүүлэх юм. Яг энэ талаар мэргэжлийн үүднээс нь яривал олон нийтийн дунд хувь хүний гэхээс илүүтэй улс төрчдийн имидж бүрдүүлэлт гэдэг ойлголт илүүтэй давамгайлна. Зөвхөн тэд л өөрийн гэсэн өнгө төрхтэй байх ёстой юм шиг. Гэтэл энэ нь хувь хүн болон тодорхой амбицтай хүмүүст хэр үнэ цэнэтэй зүйл вэ?
-Имидж гэдэг нь тухайн хүний нийгэм, орчиндоо төрүүлж байгаа сэтгэгдэл, дүр төрх юм. Иймээс хүний статус, байр суурийг тодорхой түвшинд илэрхийлдэг гэж ойлгож болно. Улс төрчдийн хувьд ард иргэдийн төлөөлөл болон сонгогдож байгаа хүмүүс. Тиймээс тэд өөрсдийн гэсэн өнгө төрхтэй байхаас гадна үлгэр жишээ байх ёстой. Гэхдээ зөвхөн улс төрч эсвэл олны танил хүнд л имидж хамаатай биш. Амьдрал дээр хүн болгон өөрийн гэсэн стиль, имиджтэй байдаг. Хамгийн гол нь түүнийгээ хаана, хэрхэн орших эсэхээсээ хамаараад ямар байлгахаа тодорхойлж болно. Биеийн хэлэмж, биеэ авч яваа байдал зэрэг нь бусдад үлгэрлэхүйц зөв байх хэрэгтэй. Гэхдээ учиргүй гял цал юм уу, брэндээр биеэ чимэх ёстой гэсэн үг биш юм.
-Би саяхан имидж бүрдүүлэлтийн талаар нэг ийм бичвэр уншсан юм. Тэндээс хүн хаана сурч, хаана амьдарч, юу хийж байгаагаасаа шалтгаалан имиджээ бүрдүүлдэг гэх өгүүлбэр их анхаарал татсан. Тухайлбал, Харвардын их сургуулийн оюутан бол заавал бусдаас ялгарахуйц харагдах ёстой гэсэн үзэл байна. Магад энэ нь тухайн сургуулийн бас нэг босго, төвшин юм уу даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Тиймээ. Харвард, Оксфорд буюу одоогийн Кембрэжийн их сургуулиуд нь эртний түүхтэй, шилдэг их сургуулиуд. Энэ сургуулийн оюутан байна гэдэг өөрөө нэр хүндийн асуудал. Бүр 18 зууны үед энэ сургуулийн оюутнуудын дунд моод болж байсан гутлыг өнөөдөр ч “оксфорд” гэж нэрлэдэг төдийгүй хамгийн сонгодог, өндөр зэрэглэлийн эрэгтэй гутал болохыг хүмүүс мэддэг байх аа. Том их сургууль, нэр хүндтэй зарим байгууллагуудад тогтсон цензур ажиглагддаг. Ер нь бол байх ёстой зүйл. Манай улсын их, дээд сургуулийн оюутнуудад ч энэ нь ажиглагддаг. Яг тогтоож өгөөгүй ч тухайн байгууллагын өөрийн соёлоос хамаарч зарим ялгаа үүсчихсэн байдаг. Нэг, хоёрдугаар курсдээ оюутнууд ямар төрхтэй, өнгө зүстэй ирдэг билээ. Цаашлаад курс ахих тусмаа л улам өнгөлөг болж, төлөвшөөд төгсдөг тал бий. Үүнд хүний боловсрол, мэдлэгийн түвшин, нийгэм орчин нөлөөлдөг гэх үү дээ. Төгссөнийхөө дараа ажил, мэргэжлээсээ хамаарч стиль, имидж нь мөн л өөрчлөгдсөн байдаг.
-Ажил мэргэжилдээ тааруулж имиджээ бүрдүүлнэ гэдэг нь их чухал байх. Жишээ нь, “Eagle” телевизийн тоймч, нэвтрүүлэгч, сэтгүүлчид өөрийн гэсэн өнгө төрхтэй. Яг нэг л өнгө төрхөө их олон жил хадгалаад байгаа нь ажиглагддаг л даа. Та хувь хүн бүр дээр нь тулж ажилладаг байх. Нэг стильтэй удаан явах уйтгартай биш үү?
-Ямар ажил хийж байгаагаас ихээхэн шалтгаална. Стилиэсээ уйдаад байнга өөрчилдөг хүмүүс байдаг. Тэр ч бас тухайн хүний нэг өнгө төрх нь. Харин телевизийн нэвтрүүлэгчдийн тухайд бусдаас өөр. Тэдэнд үзэгчдэд хоногшиж үлдэх дүр төрх чухал. Тиймээс тэд тогтсон имиджтэй байдаг юм. Наад зах нь царай зүс үргэлж өнгөлөг, гоё байх ёстой. Гол нь тухайн нэвтрүүлэг, эфиртээ зохицох ёстой зэрэг шаардлагууд бий. Миний хувьд уг хүнийх нь зан характер, биеийн галбир, хэлбэр төрх зэргийг харгалзан үзэж хүн хүнд нь таарсан, зохих дүр төрхийг бүтээхийг хичээдэг. Суваг солиход ихэнхдээ л нэгэн хэвийн хувцаслалт, үс засалттай хөтлөгч, сэтгүүлчид харагддаг. Гэтэл хувь хүний зан характер, голлон хүргэдэг нэвтрүүлэг зэрэгтэй нь уусаж харагдах ёстой. Телевиз бол харагдах урлаг шүү дээ. Нөгөө талаар телевизийн эфирт студийн гэрэл сүүдэр, камер, зураг авалтын онцлогоос хамаарч хүний царай, хувцасны өнгө өөрчлөгддөг тул нягт нямбай сонгох шаардлага гардаг. Зарим өнгө, судал хээг хориглох ч шаардлага гардаг.
-Хүний зан характер болоод хувь хүний давуу талыг нь илүү тодотгож өгөхөд илүүтэй анхаардаг гэсэн үг үү. Тэгж байж тухайн хүний яг өөрийн гэсэн онцгой имидж бүрдэх нь. Зөв үү?
-Яг зөв. Бүх юм нь зохицсон хүмүүс бусдад тэр яг л тийм хүн гэсэн төсөөлөл үлдээсэн байдаг шүү дээ. Манай телевизийнхний хувьд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Бараг хүн тус бүр өөрийн гэсэн өмчилсөн өнгөтэй ч болсон байгаа. Заримдаа мэдээж тухайн өдрийн өмссөн хувцас зэргээс шалтгаалж өөрчлөгдөх тал бий. Гэхдээ яг л нэг чигээ барьдаг гэдэг ч юм уу, тухайлсан онцлог дүр төрхтэй. Үзэгч харах бүрдээ л өө нөгөө тэр байна гэж таньж байх ёстой. Бүр хэзээний сайн мэддэг юм шиг яг л нөгөө өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоримог байдалтайгаар хүмүүст харагдаж байх ёстой. Бас нэг чухал зүйл нь тухайн хүн хаана, хэнтэй уулзаж, ямар сурвалжилга, нэвтрүүлэг хийх гэж байгаа нь чухал. Орчиндоо зохицож, уусаж харагдах ёстойгоос гадна донж, балансыг нь тааруулах учиртай.
Ер нь хүмүүсийн хувьд тухайн хүн чухам хэн вэ, боловсрол хандлага нь юу вэ, эрхэмлэдэг зүйл юу вэ, юуг сонирхдог, юунд дургүй вэ гэдэг их чухал. Нөгөө талаас ямар ч хүн өөртөө таалагддаг, юу өмсвөл зохихыг мэддэг, өөрийнхөө сэтгэлд нийцсэн стиль, хэв маягаар хувцаслахыг эрмэлздэг. Иймд тухайн хүний имидж, стилийг өөрчилнө гэдэг чин сэтгэлийн хамтын ажиллагааны үр дүн гэж боддог. Хувцаслалт, хэв маяг нь өөрт таалагдсан, аятай эвтэй байх нь тэр хүнийг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байлгах үндэс юм шиг санагддаг.
-Давуу талаа илүү тодотгох гэдэг дээр хувь хүний биеийн галбир нэлээд хамаарна байх?
- Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, жижигхэн мөртэй, өгзөг өргөнтэй хүн байлаа гэж бодъё. Цээжээрээ хэт бариу хувцас өмсчихөөр бүх өө нь илүү тодорч харагдаад байдаг. Магадгүй тэр хүн мөртэй эсвэл мөрөн дээрээ ямар нэг гоёлтой хувцас өмсвөл өнөөх өө сэвээ дарах жишээтэй. Ийм галбирыг лийр хэлбэрийн гэдэг л дээ. Биеийн галбир болоод өөрт байгаа өөр нэг давуу талуудаа бодож хувцасны өнгө, загвараа сонгох нь чухал гэсэн үг.
“Яагаад заавал туранхай харагдах ёстой гэж.Махлаг мөртөө бүх хүний харцыг булаасан үзэсгэлэнтэй харагдаж болно”.
-Та дээр өөрийн урлангаа нээсэн гэж байсан. Таны бүтээлүүд ямар онцлогтой вэ. Хэрэглэгчийн үндсэн элемент, зан характертай уялдсан байх уу?
-Тэгнэ ээ. Яг хувь хүнд нь тохирсон, тэр хүнийг илтгэсэн цор ганц хувцсыг л урлаж өгч байгаа. Имидж бүрдүүлэлтэйгээ уялдуулаад гэх үү дээ. Нэг үгээр өөрийнхөө давуу талыг ашиглаж байгаа юм л даа. Тэр хүнд зориулаад хувцсыг нь урлаж, стилийг нь тодорхойлоод өгөх зэргээр цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Мөн гол төлөв махлаг эмэгтэйчүүдэд зохицсон хувцас урлахыг төлөвлөж байгаа. Ямар ч хүнд ч өөрийн гэсэн өгөгдөл, онцлог, давуу тал байдаг. Тэрийг нь илүү тодотгосон хувцас урлахыг хүсэж байна. Тийм загварууд ч нэлээд гаргасан. Махлаг эмэгтэйчүүд туранхай харагдана гээд ихэвчлэн бараан өнгийн хувцас сонгодог. Гэтэл энэ сонголтдоо хэзээ ч 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй. Яагаад заавал хүн бүр туранхай харагдах ёстой гэж. Махлаг мөртөө бүх хүний харцыг булаасан үзэсгэлэнтэй харагдаж болно.
-Донжийг нь тааруулахад болох зүйл гэсэн үг үү?
- Яг тийм. Миний хэлэх гээд байгаа гол санаа тэр. Хувь хүн бүрд давуу тал байдаг. Тэрийг нь илүүтэй тодотгож өгөх нь стилистийн болоод дизайнеруудын гол ажил л даа. Ерөнхийдөө имидж бүрдүүлнэ гэдэг нь өөрөө хувь хүний давуу талыг тодотгож, донжийг нь тааруулах тухай юм. Хэчнээн сайхан үнэтэй брэнд, олон мянган долларын үнэтэй хувцас өмслөө гээд хоорондоо зохицоогүй, танд зохиогүй бол та хэн ч биш. Яг л нөгөө хувцас бурхан бие чөтгөр гэдэг шиг. Хувцас хүнийг амилуулдаг байхгүй юу. Биеийнхээ ямар нэг дутагдалдаа түүртэж, өөрт байгаа гоё чанараа зохиогүй зүйлээрээ нууж далдлах нь утгагүй хэрэг. Ийм байдал хүнийг итгэлгүй харагдуулдаг. Хувцаслалтаараа өөрийгөө чимж, гоё сайхнаа илүүтэй тодотгож байгаарай л гэж хэлмээр байна.
Бас нэг зүйл гэвэл, хүний харагдах байдал ажил хэрэг болон нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Та туршаад үзэхэд гэмгүй. Тийм олон туршилтуудыг ч харсан байх. Өнөөдөр нэг компанид ажил хэрэг яриад малгайтай цамц, жинсэн өмдтэй ороод үз. Магадгүй их том төсөл ярих байх. Таныг хэрхэн хүлээж авч, сонсох нь уу. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг биз дээ. Таны гадаад үзэмж, барьж байгаа дугаар, унаж яваа машинаас чинь илүүтэй таны хэн болохыг илтгэнэ.
-Тэгвэл удирдагч хүний имидж ямар байх ёстой вэ?
- Бүх талаараа үлгэр жишээ байх ёстой. Өөрийн чинь удирдлагад байгаа ажилчид өмссөн зүүснээс чинь эхлээд биеэ авч байдал, үг хэл, үзэл бодлыг чинь харж байгаа шүү дээ. Ихэнх удирдагчид хэрхэн яаж үнэлэгдэх, ямар төсөөлөл үүсгэх вэ гэдгээ бодож тооцолдог. Өөрөөр хэлбэл, цаашид хэн байх вэ гэдэг нь удирдагч хүний имиджийг тодотгож өгнө л дөө.
-Таны хувьд Тайваньд сурсан. Тэндээс хэр мэдлэг эзэмшсэн бэ?
-Тайваньд суралцах хугацаа бол маш үнэ цэнтэй, их зүйлийг ойлгуулж, сургасан он жилүүд байсан. Наад зах нь хувь хүн талаасаа бие даан амьдрах чадвар нэмэгдсэн. Мэдлэг талаасаа гэвэл бүр их ололттой. Тухайлбал, Тайваньд онолоос илүүтэй хийсэн хувцсаа хэрхэн яаж зах зээлд таниулж, борлуулах вэ гэдэг талаас нь заадаг. Мөн хувцасны түүхийн тухай хичээлийг маш дэлгэрэнгүй, их сонирхолтой заадаг байсан. Багш урд лекц уншиж байхад оюутнууд үүрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Хичээлээ үнэхээр сонирхолтой ордог байсан. Тэрнээс гадна долоо хоног бүр нэг бүтээл хийж ирэхийг даалгана. Тэгээд түүнийгээ хэрхэн яаж борлуулах вэ гэдгийг практикаар ойлгуулна. Төгсөж ирснийхээ дараа ШУТИС-д хэсэг хугацаанд багшлахдаа яг л тэнд сурсан арга барилаараа оюутнуудаа илүү түлхүү практик мэдлэг олгохыг зорьдог байлаа. Тэгэхэд оюутнууд маш мундаг бүтээл хийж ирдэг байсан. Манай нэг оюутан хог хаягдлаар хогийн сав хийх санаа боловсруулаад бүтээл болгосон байсан. Бас нэг оюутан одоогийн энэ “Ялгуун” брэндтэй төстэй бүтээл урлаж, тухайн үедээ нийгмийн сүлжээгээр нэлээд алдаршиж байсан. Гайхалтай санаанууд манай оюутнуудаас гарч, урласан бүтээлүүд нь ч хүмүүст их хүрч байсан даа. Бахархмаар.
-Таны хувьд хувцас дизайны мэргэжлийг яагаад сонгох болов. Зурах авьяастай хүүхдүүд л ихэвчлэн сонгодог мэргэжил шиг санагддаг?
-Манай өвөө Кино үйлдвэрийн зураач хүн. Өвөөгийн мэдрэмж, зурах авьяас надад их нөлөөлсөн байх гэж боддог. Бас манай ээж хувцасны технологич мэргэжилтэй. Хувцас судлалын чиглэлээр шинжлэх ухааны доктор хамгаалсан хүн байдаг. Хүүхэд байхдаа ээжийг ажилдаа явсан хойгуур оёдлын машиныг нь гаргаж ирээд л өөрийнхөө хувцсыг өөрчилж, оёод өмсчихдөг байсан. Зурах авьяасын тухайд есдүгээр ангиас л гэнэт илэрсэн дээ. /инээв/ ШУТИС-д орсны дараа манай ангид мундаг зурдаг хүүхдүүд олон байсан. Миний хувьд тийм ч сайн зурдагтаа ордоггүй байв. Тухайн үед Байгалмаа багш маань “нухаж” байж намайг хувцас дизайн урлалд хайртай болгож, дурлуулсан. “Хор шар”-ыг минь ч их малтана. Олон мундаг “чанга” багш нарынхаа ачаар ширүүн өрсөлдөөн дундаас мэргэжлээ чанартай ч эзэмшиж төгсөцгөөсөн гэж боддог шүү. Одоо бол амьдрал дээр аав, ээжээсээ үлгэр жишээ авч, суралцаж явна даа. Манай ээж аав хоёр нэг их үглэж загнадаггүй ч ээжийнхээ санаанд хүртэл хийнэ дээ гэж үргэлж хичээдэг. Одоо болтол ээж маань намайг “Сайн байна” гэж магтаагүй л явна. Гэсэн ч итгэж байгаа нь мэдрэгддэг учраас урам, итгэлийг нь алдахгүй “Овоо доо, миний охин” гэж хараасай л гэж хичээж явдаг даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Дараа үргэлжлүүлэн брэндийн амжилт, бүтээлийнх нь талаар ярилцана гэдэгт итгэлтэй байна. Таны ажил, бүтээлд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн үнэнч уншигчдын нэг. Үргэлж авууштай, гэгээлэг мэдээлэл түгээдэг танай редакцын хамт олонд мөн амжилт хүсье.
Ярилцсан П.Мөнхжаргал
Эх сурвалж: Four seasons Mongolia сэтгүүл