Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр МУГТ Э.Содномпилжээд “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдэг гардууллаа. Тэрбээр 19 дэх “Нийслэлийн хүндэт иргэн” болж байгаа юм. Э.Содномпилжээгийн хувьд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Үүнээс хойш тэрбээр дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Азийн цомын тэмцээний аварга, мөн УАШТ-ий таван удаагийн аварга зэрэг бахдам амжилтуудын эзэн болсон.
Э.Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казакстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгээд байгаа. Казакстанд үзүүлсэн энэ амжилт бол өөрийнхөө өмнө эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан дэлхийн дээд амжилт гэдгээрээ онцлогтой билээ. Хүндийн өргөлт-пауэрлифтингийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй байтугай жирийн хүн өрсөлдөхөд хүнд төрөл билээ. Гэвч тэрбээр энэ спортод жирийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, эх орныхоо нэрийг тив дэлхийд тогтмол өндөрт өргөж яваа нэгэн юм. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч яваа тэрбээр ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороонд харьяалагддаг. Түүний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд тамирчин хүний тэсвэр тэвчээр, уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гавьяагаараа төрөлх хотынхоо “Хүндэт иргэн” боллоо.
Шагнал гардуулах үеэр НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотын хамгийн дээд шагнал болох “Хүндэт иргэн” цол тэмдгийг 2014 оноос хойш анх удаа өнөөдөр пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээд гардуулж байна. Салбар бүртээ манлайлж түүхэн амжилт тогтоосон иргэдэд гардуулдаг уг шагналыг Э.Содномпилжээ тамирчны сүүлийн жилүүдэд тив дэлхийд гаргасан өндөр амжилтуудыг нь үнэлж олгохоор шийдвэрлэсэн. Олон, олон залуусын тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайлал болж яваа залуу үеийн төлөөлөл болсон тамирчинд энэхүү шагналыг олгож байгаа нь цаашид хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хотын соёлыг түгээх элч болоорой хэмээх хариуцлагыг давхар үүрүүлж байгаагийн илрэл юм шүү” хэмээн онцлон хэллээ.
Харин Э.Содномпилжээ “Миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасан Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэл хотынхоо хүндэт иргэн гэх хүндтэй нэр хүндийг өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно. Цаашид бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж дэлхийн номер нэг гэсэн энэ амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээж, Токио-2020 олимпийн наадамдаа бэлдэж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 19 эрхэмд “Нийслэлийн хүндэт иргэн” шагналыг гардуулаад байгаа аж. Хамгийн сүүлд 2014 онд нэрт хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид уг нэр хүндтэй шагналыг гардуулсан юм.