Орост Зөвлөлтийн үеийн гацуурын шилэн, хөвөн болон хатуу цаасан чимэглэлийн эрэлт эрс өсч байгаа бөгөөд дөрвөн жилийн дотор энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт 10-15 хувиар өссөн гэж "Комсомольская правда" мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хувьсгалаас өмнө үйлдвэрлэгдсэн чимэглэлүүдийг картон, хөвөн, утас зэрэг энгийн материалаар хийсэн байдаг гэнэ. Энэ онд ийм төрлийн тоглоомуудын нэг нь 28,9 мянган рубль буюу монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөгөөр худалдаалагдсан байна.
Эртний тоглоомуудын үнэ нь хадгалагдсан байдал, мөн үйлдвэрлэсэн тоо ширхэгээс хамаардаг аж. Одоогоор хамгийн үнэтэйд тооцогдож байгаа чимэглэл нь 1950-аад оны сүүл үед үйлдвэрлэсэн "Чиполлино" болон "Пушкины үлгэрүүд" цувралын тоглоомууд гэнэ. Эдгээрийг шил үлээх аргаар хийн, гараар зурж чимэглэсэн тул цуглуулагчдын хувьд хамгийн эрэлттэй чимэглэлүүд болжээ.
"Чиполлино" цувралын чимэглэлүүд 120 мянган рубль буюу таван сая төгрөгийн үнэ хүрч байгаа бол хамгийн сүүлд нохойны дүрстэй чимэглэл дуудлага худалдаагаар 120 мянган рублиэр зарагдсан байна.