Хуурамч баримт бүрдүүлэн ЖДҮДС-аас 300 000 000 төгрөгийн зээл авчээ

ЖДҮДС-аас зээл авахын тулд татварт өргүй гэсэн бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэг гарсан байна.

Зээл гарсны дараагаар хуурамч бичиг баримт ашигласан олоох нь мэдэгдсэн бөгөөд  хуурамч бичиг үйлдсэн этгээд Эрүүгийн хуулийн 23.2.1. - Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгагдаж, анхан шатны шүүхээс ял авчээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.07.22-ны өдөр Б гэгчийг хуурамч бичиг үйлдэх, ашигласан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцсэн байна. Тодруулбал, Б нь “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Задгай болон савалгаатай цемент ачиж буулгах байгууламжийн төсөл”-д зориулан 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлийн зээлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зорилгоор зээл, төслийн материал бүрдүүлж хуурамчаар бичиг үйлдсэн байна. Ингэхдээ  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан “Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаарх тодорхойлолт"-ыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны 1 дүгээр гудамж, “Э” төвийн 000 тоотод байрлах өөрийн компанийн байранд цахим хэрэгсэл ашиглан Татварын ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд нэвтрэн “Э” ХХК-ийн татварын албанд 27.294.215 төгрөгийн өртэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн авч, мөн өдрийн байдлаар татварын өр төлбөргүй болгон бүртгэлийн бар кодыг засварлах зэргээр үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслийн материалын хамт өгч ашигласан байна. Түүний энэхүү хуурамч баримт бүхий зээл хүссэн санал нь дэмжигдэж 300 000 000 төгрөгийн зээл авсан байна.

Тэрбээр үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын явцад  “...Анх 2018 оны 3 сард Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, төслийн сонгон шалгаруулалт зарлахад нь манай “Э” ХХК задгай цемент ачиж буулгах үйлдвэр байгуулах төслөө өгсөн боловч манай компанийн шалгараагүй гэсэн хариу өгсөн юм. Тэрний дараа 2018 оны 7 сард дахин тус яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн сонгон шалгаруулат зарлахад нь манай компани дахин задгай цемент ачиж буулгах үйлдвэр байгуулах төслөө бичиж орохоор болсон. Төслийн материалд Татварын өргүй гэсэн бичиг хавсаргах ёстой байсан. Тухайн үед манай “Э” ХХК нь татварын байгууллагад 27.294.215 төгрөгийн өртэй байсан болохоор би 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ажилчны 1 дүгээр гудамж Э төвийн 000 тоотод байх өөрийн “Э” ХХК-ийн байранд Татварын ерөнхий газрын сайтад хандан өөрийн компанийн регистр дугаарыг оруулан 27.294.215 төгрөгийн өглөгтэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн аваад скайнердан он, сар, өдөр, бар код, 27.294.215 төгрөгийн өглөгтэй гэснийг засаад татварын өргүй гэсэн бичиг үйлдэн төслийн материалтайгаа хавсарган Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд аваачин өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр манай компанид Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас хүссэн зээлийн хэмжээ чинь буурсан, танай компани буурсан дүнгээрээ төслөө хэрэгжүүлэх боломжтой юу гэсэн албан бичиг ирэхээр нь би хэрэгжүүлэх боломжтой гээд үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300 сая төгрөгийн 5 жилийн хугацаатай зээл авч, Цемент ачиж буулгах үйлдвэрийг Багануур дүүрэгт бариад одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хэн нэгэн уг хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Би ганцаараа хуурамчаар баримт бичиг үйлдсэн юм. Авсан зээлээ графикийн дагуу төлж байгаа. Одоогийн байдлаар 5.600.000 орчим төгрөгийн хүү төлчхөөд байгаа ба зээл 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд төлж барагдах ёстой юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” хэмээн мэдүүлсэн байх юм.

Хуурамч бичиг баримт болох нь шинжээч болон татварын ажилтны тайлбар мэдүүлэг, нотлох баримтаар нотлогдсон. Тиймээс шүүхээс Г овогт Б-ны Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Хэдийгээр ганц нэг бичгийг хуурамчаар үйлдэх нь ноцтой асуудал биш юм шиг харагддаг ч гарах үр дагавар, хохирол нь их хэмжээнийх байх тохиолдол байдаг бөгөөд иргэд энэ төрлийн хэрэг үйлдэхгүй байх, үйлдсэн тохиолдолд ял хүлээх болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ энэ зүйл ангиар ял авах юм бол намтарт тань бараан түүх үлдэх болно гэдгийг сэрэмжлүүлж байна.