Америкийн Time сэтгүүл Шведийн экологийн төлөө тэмцэгч Грета Тунбергийг 2019 оны хүнээр онцоллоо.
"Тэрбээр бүх нийтийн хөдөлгөөнд түлхэц өгсөн. Тунберг хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн чухал асуудлаарх хамгийн тод томруун дуу хоолой болж чадсан юм" хэмээн сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь мэдэгджээ.
Ийнхүү Грета Тунберг "Оны хүн"-ээр нэрлэгдснээр энэ алдрыг хүртээж эхэлснээс хойших 100 орчим жилийн түүхэн дэх хамгийн залуу хүн болж байгаа юм.
2019 оны онцлох хүмүүсийн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпин, Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын оролцогчид гээд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан эрхмүүд багтаж байсан ч Time сэтгүүл чухамхүү Грета "Оны хүн"-ээр нэрлэгдэх ёстой гэж үзжээ.
Энд дуулгахад, 16 настай Грета Тунберг өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс “хүүхэд насыг нь хулгайлсанд” олон улсын улс төрчдийг буруутган, дэлхий даяар байгаль орчныг хамгаалах дорвитой ажил хийх боломжтой байхад улс орнуудын засгийн газар гараа хумхин сууж байгааг буруушаасан нь олны анхаарлыг татсан.
Тэрбээр жилийн өмнө баасан гариг бүр хичээлдээ явалгүй экологийн төлөөх дуу хоолой болон суулт хийдэг болсон гэдгээрээ Шведдээ хэдийнэ алдартай байсан бол дээр өгүүлсэнчлэн, НҮБ-ын индэр дээрээс "томчуудыг загнасан"-аар дэлхий даяар алдартай болсон юм.