Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулсан тухай энэ оны аравдугаар сард зарласан. Ингэхдээ Монгол Улсыг шууд хэрэгжилтийн дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Энэ хүрээнд зургаан ажлыг хийх шаардлага болсон билээ. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гаргах, түүнийгээ харуулах, хилээр нэвтрүүлэхдээ худал мэдүүлсэн болон мэдүүлээгүй мөнгийг хураах гэх мэт ажлууд багтсан.
Төв банкны зүгээс Монгол Улс 2020 онд багтаж, “саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан. Тэгвэл “саарал жагсаалт”-аас гарах эхний боломж нь 2020 оны аравдугаар сард тохиох нь. Тодруулбал, тухайн улс хийсэн ажлаа жилд гурван удаа тайлагнах боломжтой юм байна. Үр дүнтэй байдлын тайланг хэлэлцэх Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал жилд гурван удаа болдог. Эхний хурал 2020 оны нэгдүгээр сард болно. Монгол Улс энэ хурлаар тайлангаа хэлэлцүүлэхээр эхний тайлангаа хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах эхний алхамаа хийжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ тухай “Энэ хурлаар манай тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шат байгаа. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бидний хувьд тайлангаа баталгаажуулан “Саарал жагсаалт”-аас гарах хамгийн эхний боломж 2020 оны аравдугаар сард болох ФАТФ-ын хурал байх болно” гэсэн юм.