Өнөөдөр

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн хүнд, хөнгөн байдлаар бэртэж, гэмтэж 1-2 хүн амь насаараа хохирч байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ "Хичээх өдөр"-ийг өнгөрсөн жил зарлаж энэ өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж байхаар болсон.  Өнөөдөр "Хичээх өдөр". 

Арга хэмжээ энэ өдрийн 10.00 цагаас "Дүнжингарав" худалдааны төвийн зогсоолоос эхэлж Төв шуудангийн өмнөх уулзвар хүртэлх зайд үргэлжлэх юм байна. Энэ үеэр зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх аж.  

Дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй 20 шалтгааны наймдугаарт зам тээврийн осол ордог. Дэлхий дахинд жилд 1.3 сая орчим хүн зам тээврийн осол гэмтлээс болж амь насаа алддаг байна. Харин манай улсын хувьд энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 535 хүн амь насаа алдсан бол үүний 335 нь газар дээрээ нас барсан харамсалтай статистик мэдээ байна.  

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 98.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.  Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар өсчээ.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс "Хичээх өдөр"-ийг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй юм. Хичээх өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээ хийх юм.