ТЦА-наас

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Хичээх өдөр" маргааш тохиож байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол, зөрчлийн холбогдолтой нийт 68,369 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн 22499 осол бүртгэгдэн шалгагдаж, эдгээр ослын улмаас 324 хүний амь насаараа хохирч, 1004 хүн гэмтэл авжээ. 

Ослын шалтгааны дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдол зэрэг нь зонхилж байгаа  аж.  

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2018 онд зохион байгуулахад зам тээврийн ослын дуудлагын тоо 47.5 хувь буурч, ослын улмаас гэмтэл бэртэл авсан хүний тоо 60 хувь буурсан.

Харин 2019 онд энэхүү арга хэмжээний үеэр бүгд идэвхтэй оролцож, осол хэргийн тоог 0 байлгахын төлөө хичээцгээе гэж уриалж байна. Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд  “Жил бүр улсын хэмжээнд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амь насаа, 2,000 гаруй хүн хөдөлмөр эрхлэх чадвараа алддаг тухай харамсалтай тоо бий. Нэг өдөр хичээснээр хоёр хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг, 250 орчим зам тээврийн осол гарахаас хамгаална. Нэг өдөр хичээснээр нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 500 гаруй хүний амь, 2,000 гаруй хүний эрүүл мэндийг аварч чадна” гэв.

Хичээх өдрөөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм. Мөн зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ.

Тиймээс маргааш хүн бүр дор бүрнээ хичээж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.