Ким Жон Ун Шар тэнгис дэх гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгажээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Шар тэнгис дэх, Өмнөд Солонгосын Пэннёндо арлаас холгүйхэн орших Чхангриндо арлын гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгасан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч эргийн артиллерийн байршлыг шалгасны дараа, ажиглалтын цэг рүү гарч буудлага хийхийг даалгасан байна.

"Эргийн артиллерийн ротын дайчид хүндэт дээд удирлагад буудлагын урлагийг үзүүлэн, түүнийг баярлууллаа" хэмээн агентлаг онцолжээ.

Ким Жон Ун гарнизоны байлдааны бэлэн байдлыг шалгахын зэрэгцээ цэргийн алба хаагчдын ахуй амьдралтай танилцсан гэнэ. Тэр дундаа казарм, хоолны газар, хүнсний агуулах, усанд орох газар, ногооны хүлэмжээр орж танилжцээ.

Улмаар цэрэг дайчдыг "мах, өндөг, далайн бүтээгдэхүүн, мөөг, ногоог хүнсний нормын дагуу хангах"-ыг үүрэгджээ.