Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний хангамжийн дөрвөн бааз ажиллаж байна. Мөн түлшний дундын дөрвөн агуулахтай. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хангамжийн бааз 8050 тонн, дундын агуулах 680,7 тонн, худалдаалах цэг 1870 тонн, нийт 10.600 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс тээвэрлэсэн, түлсэн зэрэг нийт 11 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 9 иргэнд мөнгөн торгууль ногдуулж, 3.2 тонн түүхий нүүрсийг лацдан битүүмжилж, 1.4 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлсэн” хэмээн мэдээллээ.
Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч С.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлын талаар заавар зөвлөмж хүргэх ажлыг хоёр удаа зохион байгуулсан. Мөн шахмал түлшний хоёр хангамжийн бааз, 12 дундын агуулах, 125 жижиглэнгийн борлуулалтын цэгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн хяналтын 43 байцаагч, орон тооны бус 1.116 байцаагч тандалт хийн ажиллаж байна. Айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих зорилгоор гэр хороолол бүхий 35 хорооны 55.525 өрхөд сайн картыг хүргэх ажлыг зохион байгуулсан. Эмээлт, Баруунтурууны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын 12 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж 8.317 тээврийн хэрэгсэл шалгаж, жижиглэнгээр тээвэрлэж явсан 10 шуудай түүхий нүүрс илрүүлж, түр цэгт төвлөрүүлсэн” гэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.Шижирбаатар “Сүхбаатар дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хангамжийн гурван бааз, 15 дундын бөөний төв, жижиглэнгийн 43 цэг ажиллаж байна. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор өдрийн цагт 17 цэгт 34 алба хаагч, найман автомашинтайгаар, шөнийн цагт зургаан цэгт 12 алба хаагч, гурван автомашинтайгаар хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, галлагаанд хэрэглэсэн болон худалдан борлуулж байсан 26 зөрчлийг илрүүлж, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүлээлгэн өгч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээг тооцуулж ажиллалаа” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах дөрвөн дундын хангамжийн төв, борлуулалтын цэг 51, нийт 55 түлш борлуулах цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагийн байдлаар 728 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Мөн аравдугаар сарын 9-10-ны өдрүүд болон арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөгөөг нийт 988 алба хаагч 30.126 айл өрхөд хоёр удаа 95.9 хувийн гүйцэтгэлтэй хүргэн ажилласан. Чингэлтэй дүүрэгт ажил хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан “Сайжруулсан шахмал түлш борлуулах 36 цэг, хангамжийн нэг бааз ажиллаж байна. Мөн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих 496 орон тооны бус ажилтантай. Сайжруулсан шахмал түлшийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг 23.000 ширхэгийг бэлтгэн тараасан. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар түлш борлуулах 36 цэгт 292 тонн, Энканто хангамжийн баазад 2100 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна” гэсэн мэдээллүүдийг дүүргүүд хуралдаанаар өгөв.
Түүнчлэн алслагдсан дүүргүүдийн дулааны цахилгаан станцуудыэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахад тулгамдаж буй зарим асуудал байгааг дүүргийн дулааны станцын удирдлагууд онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.
“Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар “2019-2020 оны өвлийн их ачааллыг горимын дагуу тасралтгүй найдвартай хангахад компанийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шууд шалтгаалан техник технологийн хангалтгүй ажиллагаа үүсэж, улмаар станцын үндсэн үйлдвэрлэл, дулаан хангамжийн нэгдсэн системийн ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Уг байдлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах хөрөнгө мөнгөтэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэх шаардлагатай байна” гэв.
Налайхын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү “Техник тоног төхөөрөмжийн хуучралт, технологийн хоцрогдлоос шалтгаалан нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж байна. Инфляцийн өсөлт, цахилгаан болон цэвэр бохир усны тарифийн нэмэгдэл, нүүрсний үнийн өсөлт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан зардал өссөн. “Чандмань-Налайх” ОНӨООТҮГ-ын дансанд бүртгэлтэй инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжүүдээр дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулах түрээс, шимтгэл төлж байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэхээс гадна хэрэглэгчдийг хэвийн, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахад эрсдэл үүсгэж байна” гэдгийг онцолж хэлээд энэ асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг онцгой комиссын гишүүдээс хүслээ.
Танилцуулга мэдээллийн дараа төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар болон ЗДТГ-ын орлогч нараас сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, хэрэглээний талаар болон тулгамдаж буй асуудлуудыг Хотын Захирагч асууж тодрууллаа.
Түүнчлэн хуралдаанд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 77.2 хувийн гүйцэтгэлтэй байна” гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүргэлээ.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Багануур болон Налайх дүүргүүдийн “Дулааны станц” ТӨХК-иудад тулгарсан асуудлыг яаралтай шийдвэрлэхэд холбогдох газрууд анхаарч ажилла. Салбар хариуцсан орлогч болон “Таван толгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцсан ажилдаа эзэн болж ажилла. Сайжруулсан түлш түгээлтэнд ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхол байж таарахгүй гэдгийг аль дээрээс сануулан хэлсээр байгаа. Тээвэрлэлт хариуцсан компани нэрээр ар өврийн хаалганы, элдэв эрх ашиг харсан байдлаар асуудалд хандсанаас болоод өнөөдөр тээвэрлэлтэд асуудал үүсгээд байна гэж хэлж болно.
Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтыг улам эрчимжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК дээр нийслэлийн онцгой комиссоос томилогдон ажиллаж байгаа албан тугаалтанд онцгой эрхийг өгч ажиллуулна. Онцгой эрхтэй ажиллах албан тушаалтны удирдамжийг өнөөдөр гарга. 24 цагаар ээлжилж ажиллах жижүүрийн хуваарийг гаргаж, сайжруулсан шахмал түлштэй холбоотой бүх үйл ажиллагаа болон түлш тээвэрлэлт, хүргэлтэнд хяналт ажиллах үүрэг чиглэлийг өг. Дундын цэгээс жижиглэнгийн нэгж цэгүүдэд тээвэрлэлт хийх хувь хүмүүстэй хамтарч ажиллах шаардлагатай. Ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж, судалгааг нь гарган зохион байгуулалтыг хийж ажилла. Туршлагатай сайн ажиллаж байгаа хороо, дүүргийн ажилчдыг урамшуулах, тэдний туршлагыг бусад хороо, дүүргүүдэд сурталчлах, туршлага солилцуулах ажлыг хороо, дүүргийн онцгой комиссын гишүүд зохион байгуул. Төвийн зургаан дүүрэг хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилла. Түүхий нүүрс болон бусад төрлийн эд зүйл шатааж байгаа айл өрхөд тавих хяналтаа сайжруул. Дүүргүүд хороо хороондоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа тогтмол иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах шаардлагатай” гэсэн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнуудад өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.