Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Олон улсын сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын БСХХ-ийн дарга М.Нямсүрэн "Олон улсын хөтөлбөртэй гэсэн боловч албан ёсны зөвшөөрөлгүй, ердийн болон гүнзгийрүүлсэн сургалттай байна" гэдгийг онцоллоо.
Шалгалтад хамрагдсан сургууль-10
Ерөнхий боловсролын Орхон-Хасү сургууль
Ерөнхий боловсролын Сакура сургууль
Улаанбаатар-Элит олон улсын сургууль
Ерөнхий боловсролын Жет сургууль
Ерөнхий боловсролын Орчлон сургууль
Ерөнхий боловсролын Сингапур скүүл оф монголиа сургууль
Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль
Ерөнхий боловсролын Бритиш сургууль
Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль
Тэрэлж боардинг сургууль
Шалгалтаар илэрсэн зөрчил:
Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нэршил, хэв шинжийн зөрчил:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан зөрчил нь бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: Жэт сурууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф монголиа.
2. Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй эсхүл “international school” гэж нэрлэдэг. Тухайлбал: ерөнхий боловсролын Сакура сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, Сингапур скүүл оф монголиа сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын Жэт сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, Тэрэлж боардинг сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй;
3. Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль, ерөнхий боловсролын Бритиш сургуулиудын бүтэц нь “бага, дунд, ахлах”, сургалт явуулах чиглэл нь “бага, суурь, бүрэн дунд” гэж заасан боловч цэцэрлэг буюу бэлтгэл бүлэг хичээллэж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.”Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.
Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт:
Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.6.”Олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн заалтыг зөрчиж удирдах зөвлөлийн тэргүүн, сургуулийн захирал баталсан, зарим тохиолдолд баталгаажуулаагүй албажуулаагүй зөрчил илэрлээ. Сургалтын төлөвлөгөөнд заасан багш зохицуулах цагийг IPC, гадаад хэл, математик, IMYC, хятад хэл судлахаар төлөвлөдөг. Мөн хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд, sтеам сургалт, англи хэлний цагийг үндсэн цагт оруулсан, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх тухай тусгасан.
Багшлах боловсон хүчин:
1. Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш нарыг ажиллуулдаг.
2. Шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь зэрэгтэй байхаас 13,7 хувь, Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь, Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28,5 хувь, ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг тус тус зөрчиж байна.
Шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежерүүдэд кабинетийн гэрчилгээ авах, сургуулийн дотоод хяналтыг хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс хамгаалахад чиглүүлж гадна орчин, дотоод орчин, анги танхимд хийх, технологийн хичээлийн багаж төхөөрөмжийг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандаж тоног төхөөрөмжийн гэрчилгээ авах, сурах бичиг дамжуулж ашиглаж байгаа тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд эмч, дотоод хяналтын ажилтан хяналт тавьж байх, Бритиш сургуульд усан бассейнд холбогдох газраар баталгаажуулалт хийлгэх тухай зөвлөгөө өглөө.
Цаашид Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.”Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.”гэсэн заалтын дагуу олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хяналт тавих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, үнэн зөв болгох, статистик мэдээнд оруулах шаардлагатай байна.