Сидней хот утаанд автжээ

Австрали улсад дэгдсэн ой хээрийн түймэртэй холбоотойгоор тус улсын хамгийн том хот болох Сидней түймрийн утаанд автжээ. Түймрийн утаа агаарын чанарт сөргөөр нөлөөлж аюултай хэмжээнд хүрсэн тул мэдээллийн хэрэгслээр дамжуулан анхааруулах мессежийг ард иргэддээ өгч буй аж. Австралийн үндэсний эрүүл мэндийн хорооноос гаргасан судалгаагаар Сидней хот дахь утааны чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин илүү байгаа гэнэ.

Австралийн онцгой байдлын газрын мэдээллээр Сидней хотын утаа ойрын долоо хоногтоо татрахгүй аж. Өнгөрсөн аравдугаар сараас хойш Австрали улсад дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас зургаан хүн амь насаа алдаад байгаа юм. Үндэсний цаг уурын албаны мэдээллээр Австралийн дундаж хэм ойрын нэг сарын хугацаанд 35-аас буухгүй гэдэг нь түймэр унтраахад улам хүндрэл учруулж байгаа билээ.