Албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө иргэн Б.Болороо Сүхбаатарын талбайд 12 өдрийн турш суулт зарласан. Цас орж, хүйтэн жавар хайрсан өдөр буюу өчигдөр төв талбайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавын хамт очиж түүнтэй уулзлаа.
Иргэн Б.Болороо, Энд зөвхөн Болороо гэдэг хүний асуудал яригдаагүй. Шүүх эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж маш олон жирийн иргэн хохирдог тогтолцоо бий болсон байна. Шүүх эмнэлгийнхэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад нас барсан хүнийг буруутгаж, хэрэг болгоныг хаагаад сурчихсан юм бэ? Миний асуудлыг ард түмэн анхааралдаа авсан байгаа. Ард түмэн та нарыг сонгож байгаа учир хэн нь илүү хүчтэй вэ гэдэг нь ойлгомжтой. Та нар заавал нэг гэр бүлийг заавал гудамжинд гаргаж, нус нулимстай нь холилдсоны дараа гарч ирэх ёстой юм уу? хэмээн Ерөнхий сайдад үгээ хэлэв.
2019 оны зургаадугаар сард гарсан энэ хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хохирогч ажлын байранд согтуу байсан гэх дүгнэлт гаргасныг иргэн Б.Болороор эсэргүүцэж, шударгаар шийдвэрлүүлэхийн тэмцэж буй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэ хэргийг шуурхай, үнэн зөв шийдвэрлэх Ажлын хэсгийг яаралтай байгуулах үүргийг Цагдаагийн ерөнхий газрын даргад өглөө. Цагдаагийн байгууллага хэргийн материалыг дахин нягталж, хариуцлагатайгаар шалгана гэж бодож байна. Би ч Ерөнхий сайдын хувиар энэ асуудалд анхаарал тавина. Хууль зүйн сайдад хэлсэн байгаа. Ингэж иргэнээ хохироогоод байж болохгүй. Буруутай бол Ерөнхий сайд ч иргэнээсээ уучлалт хүснэ.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Бид хэргийн материалтай тухайн үед нь танилцсан. Хохирогчийн
хувийн байдлыг харахад үнэхээр магтаж сайшаахаар, үгүйлэхээр хүн байсан нь харагддаг. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон дүгнэлттэй холбоотой асуудалд бид дахин бүрэлдэхүүнтэй шинжээч өнөөдөр /өчигдөр/ томилъё. Болороогийн гомдлын дагуу хэргийг Цагдаагийн хэлтсээс УЕП-т татаад авсан, хянаж байгаа. Хэргийн харьяаллын СХД-ийн цагдаагийн газраас татан авч, Нийслэлийн мөрдөн шалгах газарт хэргийн шалгалтуудыг хийж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор алба хаагчид хариуцлага алдсан эсэхийг дахин шалгана гэв.