Нийслэлийн ИТХ-ын RFID, LTE шилэн кабель хөтөлбөрийн системийн стандартуудын жагсаалт батлахаар болжээ. Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 71 хувь нь Улаанбаатарт гардаг. Тиймээс аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлага бий. Дэлхийн олон улс уг асуудлыг 4G утасгүй сүлжээний технологи ашиглан, камерийн хяналтын тусламжтайгаар шийдвэрлэсэн байдаг. Эл жишгээр 2011-2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй камер суурилуулсан байдаг аж.
Гэвч дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд 1796 камер суурилуулсан байгаагаас өдгөө 1063 нь гэмтэлтэй, 733 нь хэвийн ажиллаж буй аж. Сүлжээний дэд бүтцийг стандарт, техникийн даалгаврын дагуу бус, дур мэдэн татсан нь олон камер ажиллахгүй болох шалтгаан бүрджээ. Тиймээс камер суурилуулахын өмнө холболтын стандартыг батлуулж, дагаж мөрдүүлэх шаардлагатай байгаа гэж мэргэжлийн байгууллагынхан үзсэн байна. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, тэдгээрийн даатгалд хамрагдсан байдалд хяналт тавих, замын байгууламж ашигласны төлбөр төлөх үйл ажиллагаанд радио долгионы давтамж ашиглан бүртгэх системийг ашиглах хэрэгцээ шаардлага бий аж.