Дашчойлон хийдийн зүүн талд орших нийтийн эзэмшлийн байранд өчигдөр гал гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 12 давхар 34 дүгээр орон сууцанд 16.50 минутын орчимд гал гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Онцгой байдлын Гал унтраах аравдугаар ангийнхан ажилласнаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 34 дүгээр орон сууцанд гарсан галыг бүрэн унтраалаа. Галыг бүрэн унтраасан тул оршин суугчдыг байр луу нь нэвтрүүлсан.
Оршин суугчдын яриагаар анх тус байрны дөрвөн давхарт орших байранд гал гарсан. Улмаар гал тагт руу нэвтэрч, бусад давхар луу гал нэвчсэн. Айл нь эзгүй байжээ.
Тус байрны ойролцоо Нийслэлийн Гал унтраах 35 дугаар ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Н.Гансүхийг явж байгаад гал гарч буйтай таарчээ. Тиймээс байранд орж, 12 давхараас эхлэн оршин суугчдад энэ тухай мэдээллийг өгч, иргэдийг гаргасан байна. Уг байранд нийт 77 айл оршин суудаг бөгөөд 2014 онд ашиглалтад орсон барилга аж.