ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн цахим хуудаст иргэдээс ирүүлж буй нийтлэг асуултуудад хариулт өгчээ.

Асуулт:1.Би цагаан байрны орчимд явж байгаад гар утсаа алдсан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтэст очсон чинь намайг 1-р хэлтэст очиж өргөдөл гаргах ёстой гэх юм энэ ямар учиртай юм бэ?

Хариулт:1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн харьяалалтай байдаг юм. Үүний дагуу цагдаагийн байгууллага нутаг дэвсгэрийн харьяаллаар гомдол мэдээллийг хүлээн авдаг бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд харьяалал харгалзахгүй гомдол мэдээллийг хүлээн авч гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг устаж үгүй болохоос урьтаж нэн дариу нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулж прокурор харьяалал тогтоох асуудлыг шийдвэрлэнэ. Таны хувьд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт явж байсан байна. Чингэлтэйн цагдаагийн газар нь хариуцсан хороодоороо бүсчлэн хариуцаж авдаг учраас таны гар утсаа алдсан газар нь 1 дүгээр хэлтэсдээ хамаарах газар нутаг учраас таныг холбогдох газарт нь гомдол гаргахыг зөвлөсөн байна.

Асуулт:2.Энгийн иргэний өгсөн өргөдөлийн хугацаа, албан тушаалтны өгсөн өргөдөл гомдлын хугацаа ялгаатай байдаг уу? Надад ялгаатай байдаг юм шиг санагдах юм. Энгийн хүнийх их удах юм албан тушаалтных их хурдан шийдэгддэг яагаад?

Хариулт:2 Гомдол мэдээллийг шалгах үндсэн хугацаа ЭХХШТХ-ийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 хоног байдаг юм. Энэ хугацаанд таны гаргасан гомдол мэдээлэл гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ, гэмт хэргийн шинжгүй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, харьяаллын бус болох нь тогтоогдвол харьяалалын дагуу шилжүүлнэ. Хуульд энгийн иргэн албан тушаалтан хоёрын гомдол мэдээлэлийн хугацаа өөр гэж заагаагүй тул шалгах хугацаа яг адилхан байна.  

Асуулт:3. Иргэд заналхийлэлд өртөхөөрөө цагдаагийн байгууллагад хандаж хамгаалалт хүсч болдог уу?

Хариулт:3. 2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт Гэрч хохирогчийг хамгаалах талаар заалт нэмэгдсэн нь давуу талтай. Гэхдээ гэрч хохирогч гэдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч юм. Харин та ямар нэгэн байдлаар аюул заналхийлэлд өртсөн бол Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ингэснээр та өөрийгөө хамгаалуулах бүрэн эрхтэй болж байна гэсэн үг юм.

Асуулт:4. Цагдаагийн тодорхойлолтыг хаанаас яаж авдаг юм бэ?

Хариулт:4. Цагдаагийн тодорхойлолтыг 805 буюу Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Лавлагааны сангаас болон Дүнжингарав худалдааны төвийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тодорхойлолт олгож байна. Тодорхойлолт авахдаа 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээг үндэслэн, насанд хүрсэн бол иргэний үнэмлэхээ авч очихыг танд зөвлөж байна.  

Асуулт:5. Манай охин 15 настай юм. Тэгтэл өөрөөсөө 4 ах залуутай өөрийн сайн дураараа бэлгийн харилцаанд орсон байх юм. Цагдаагийн байгууллагад хандвал авч хэлэлцэх болов уу?

Хариулт:5. Таны ярьж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан тэгэхээр дээрх үйлдэл өөрөө гэмт хэргийн шинжтэй ийм учраас таныг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Асуулт:6. Манай дээд айлын хүмүүс байнга архи ууж шөнөжингөө орилолдож хашгичаад тайван амраахгүй байна. Энэ талаар шаардлага тавихаар өөрсдийнхөө гэр оронд яаж амьдрахаа бид нар мэдэж байна гээд тоохгүй юм. Цагдаа арга хэмжээ авах уу?

Хариулт:6. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг шөнө гэдэг ойлголт нь оройн 22-06 цагийг ойлгох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдох арга хэмжээг авч болно. Та цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ тооцуулах хэрэгтэй.

Асуулт:7. Би 1 сарын өмнө эд зүйлээ хулгайд алдаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Гэтэл намайг хэрэгтэн шиг байн байн дуудаад залхаагаад байх юм ажил хийлгэхгүй юм яах вэ

Хариулт:7. Таныг гомдол мэдээлэл гаргах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал мэдүүлэг авна. Таны гаргасан гомдол мэдээллийг 5 хоногийн хугацаанд шалгаад гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгана. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсний дараа таныг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авах ажиллагаа хийгдэнэ. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны тодорхой ажиллагаа, шинжээчийн дүгнэлтийг танд заавал танилцуулна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалан нэмэлт мэдүүлэг авах шаардлагатай. Төгсгөлд нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган хэргийн материалыг мөн танд танилцуулах ажиллагаа хийгдэнэ. Энэ бол хуульд заасан ажиллагаа явагдаж байгаа учраас танд олон дуудаж байгаа мэт санагдаж байгаа байх энийг та зөвөөр ойлгож хүлээн авах хэрэгтэй.  

Асуулт:8. Би 7 хоногийн өмнө найзтайгаа маргалдаад найзынхаа хамрыг хугалчихсан юм. Тэгтэл манай найз цагдаад гомдол гаргаад би одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тэгтэл манай найз надаас 5 сая төгрөг нэхэмжлээд мөнгийг нь өгчих юм бол өргөдөлөө буцаад авна гэсэн. Би мөнгийг нь өгөөд өргөдөлийг нь буцаалгасан нь дээр үү яах вэ?

Хариулт:8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалдан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Танай найзын нэхэмжилж байгаа мөнгө хэр үндэслэлтэй вэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны үед нотолсон байх шаардлагатай. Таны хэлж байгаа шиг өргөдөл буцааж авна гэсэн ойлголт байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Асуулт:9. Манай хажуугийн хашаанд амьдардаг хүмүүс байнга архи согтууруулах ундаа хэрэглэх юм. Нэг бага насны хүүхэдтэй, хүүхэддээ ер нь хоол унд өгдөг юм уу бүү мэд та нар арга хэмжээ авах уу?

Хариулт:9 Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын талаар заасан байгаа. Таны хэлж байгаа тохиолдолд 6.20 дугаар зүйлийн 7, 9 зүйлд заасны дагуу хүүхдийн эцэг эхэд арга хэмжээ тооцох үндэслэлтэй харагдаж байна. Та энэ талаар цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн хурлыг үндэслэн шүүхээс хүүхдийг эцэг эх дээр нь байлгах шаардлагатай юу үгүй юу гэх асуудлыг шийдвэрлэдэг.  

Асуулт:10 Би таксинд гар утсаа мартчихлаа номер дугаарыг нь анзаараагүй юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргавал гар утсаа олж авч чадах болов уу?

Хариулт:10  Та суусан таксины маркыг нь мөн хэдэн цагийн орчимд хаанаас суугаад хэдэн цагийн үед хаана хүрснээ мэдэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагын гадаах хяналтын камерыг шүүж үзсэнээр таны суусан таксины номер дугаарыг олох боломжтой. Мөн таны гар утасны имей кодоор таны гар утсанд сим карт ашиглагдаж байгаагаар олдох боломжтой та таксинаас буусан газрынхаа харьяа цагдаагийн газарт гомдлоо гаргаарай.