“Код-9” үзүүлэх сургуулилт зохион байгуулагдав

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, "Чингис хаан" ОУНБ-тай хамтран "Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал КОД-9" бүрэн хэмжээний үзүүлэх сургуулилтыг  зохион байгууллаа. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдвар тархан дамжихаас урьдчилан сэргийлэх, халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг "Чингис хаан" нисэх буудалд шуурхай зохион байгуулах, хилийн хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, бэлэн байдлыг хангах, мэдээлэл солилцох зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

Өвчний сэжигтэй зорчигч байгаа тухай агаарын хөлгөөс урьдчилан мэдээлэл ирэх, агаарын хөлөг буусны дараа хаалга нээгдэх үед нисэх бүрэлдэхүүнээс мэдээлэл ирэх, зорчигч буух явцад термокамерийн хяналтаар болон эрүүл мэндийн тодорхойлолтоор сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өвчтөнийг тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчлөл илэрсэнтэй холбогдуулан тус аймгаас ирж буй нислэгийн үеэр Код-9 зарлаж байсан юм.

Энэ удаагийн үзүүлэх сургуулилтаар олон улсын нислэгээр ирж буй гадаадын иргэн онгоцонд суусны дараа халуурч, бөөлжсөн гэсэн өгөгдлийн дагуу КОД-9 зарлаж, өвчтэй зорчигчийг тусгаарлах, бусад зорчигчдод тандалт хийх зэргээр иж бүрэн сургуулилт хийж байгаагаараа онцлог юм. Эбола вирусийн халдвараар Бүгд найрамдах ардчилсан Конго улсад гэхэд 3227 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2154 хүн нас бараад байгаа аж.