Албадан гаргасан хятадууд гурван жил Монгол руу нэвтрэх эрхгүй

"Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн хэлсэнчлэн "мөнгө угаах" гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 759 иргэнийг баривчилсан дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж буй. Мөн хэргийн шалгалтын явцад БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Наймдугаар сараас хойш эдгээр хятадууд жуулчны визээр Монгол улсад нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд визийн журмыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байгаагүй учир өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Монгол улсаас албадан гаргасан билээ.

Дээрх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Ж.Амгалангаар удирдуулсан бие бүрэлдэхүүн гардан гүйцэтгэжээ. Бие бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллагын алба хаагчид багтсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Монгол Улсад нэвтрэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 759 иргэнийг хуяглан хүргэх ажиллагааг хууль хүчний холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгээд ирлээ. Тэдгээр иргэдийг Ням гаригт БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын хууль хүчний байгууллагад хүлээлгэн өгсөн.

Тээвэрлэлтийн үед хүндрэл, бэрхшээл тулгарсангүй зохион байгуулалтын дагуу явагдсан гэдгийг онцлон хэлье. Учир нь, цахим орчинд албадан гаргасан хятад иргэдийг ачсан тусгай галт тэрэг замдаа зогсч, тэдгээр хүмүүсийг буулгасан гэх мэдээлэл тарсан. Бид замдаа зогсолгүй явсан. Монголоос 759 хүнийг тээвэрлэсэн бөгөөд ганц хүн ч дутаалгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Хоёр улсын хоорондын Хууль сахиулах эрх зүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг чангатгах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах зарчмын дагуу БНХАУ цаашид хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн” гэлээ.