Авто тээврийн хэрэгслийн татвараа И-баримтаар төлөх боломжтой

Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө “И-баримт " аппликейшн ашиглан хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөөг мэргэжилтнүүд өгсөн юм.

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоо төлөхийн тулд банкинд удаан хугацаагаар дугаарлах, үйлчилгээнээс хамаарч хэд хэдэн дансанд төлбөр төлөх, тухайн гүйлгээ бүрт 2000 хүртэл төгрөгийн шимтгэл нэмж төлөх зэрэг хүндрэл, чирэгдэл гардаг.

Өнгөрөгч аравдугаар сарын 16-наас эхлэн иргэд “И-баримт" аппликейшнаа ашиглан төрийн үйлчилгээг гуравхан минутад авах боломжийг олгоод байгаа билээ. Эхний ээлжинд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээ, лавлагаа авах боломж бүрдээд байсан бол энэ удаа Татварын ерөнхий газрын үйлчилгээ байгаа талаар өнөөдөр албаныхан танилцууллаа.

Нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтсийн дарга С.Цэрэнжамц мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүний хүрээнд Сангийн яам болон Татварын ерөнхий газраас татварын төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилгоор Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвтэй хамтран тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээг “И-баримт” аппликейшныг ашиглан хялбар аргаар төлөх боломжийг танилцуулж байсан. Энэ удаа Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг “И-баримт” аппликейшн ашиглан өөрийн харилцдаг интернет банкаараа төлөх боломжийг танилцуулж байна.

Өмнө нь  авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлөхөд харьяа дүүргийн татварын албанд очиж, ногдолоо тодорхойлуулж, банкинд дугаарлан татвар төлбөрөө төлсний дараагаар татварын улсын байцаагчид очиж, тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Ингэхийн тулд иргэд нэлээд цаг хугацааг зарцуулж, замын хөдөлгөөний түгжрэлд ордог. Мөн жолооч нар гурван төрлийн 900-3000 төгрөгийн татвар хураамж төлдөг байсан бол одоо өөрийн байгаа газраасаа интернетэд холбогдон 300-хан төгрөгийн хураамж төлж, албан татвараа төлөх боломжтой” гэв.

Цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд төрийн 25 байгууллагын 181 үйлчилгээг “И-баримт” аппликейшн ашиглан нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор төрийн хоёр байгууллагын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ажээ.

Сар хүрэхгүй хугацаанд Улсын ерөнхий бүртгэлийн газрын иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах гэх мэт 38 төрлийн үйлчилгээ, лавлагааг 1500 орчим хүн авсан байна.

Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төв улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг захирал “Өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын хуралдааны дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээг “И-баримт” аппликейшн ашиглан төлбөр төлөх боломжтой болсон. Энэ удаа Татварын ерөнхий газрын авто тээврийн албан татвар төлөх үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ үйлчилгээ нь нийслэлийн хэмжээнд ачаалал үүсгэдэг үйлчилгээ юм.

Өнөөдрөөс эхлэн “И-баримт” аппликейшнд Татварын ерөнхий газар гэсэн шинэ цэс нэмэгдсэн. Таны “И-баримт” аппликейшнд өөрийн бүртгэл дээр байгаа авто машины мэдээлэл гарч ирнэ. Хэрвээ авто машиныхаа албан татвараа төлөөгүй бол төлөх ёстой дүн нь харагдаж байгаа” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд “И-баримт” аппликейшнг 1.2 сая хүн хэрэглэдэг бөгөөд шинэ хувилбарыг 300 гаруй мянган хүн гар утсандаа татаж аваад байгаа аж. Удахгүй Татварын ерөнхий газраас бууны татвар, эд хөрөнгийн татварыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэргэжилтнүүд онцолж байв.