“Новел лизинг” ХХК-ийн зүгээс Монгол улсад анх удаа засмал талбайтай шөнийн гэрэлтүүлэг, камерын хяналт болон харуул хамгаалалт бүхий 24 цагийн нээлттэй трак авто зогсоолтой Новел логистикийн төвийг нээлээ. Энэхүү логистикийн төв нь орон нутгаас ирж бараа бүтээгдэхүүн бөөнөөр худалдан авдаг бизнес эрхлэгчдэд зориулсан нэгдсэн үйлчилгээтэй гэдгээрээ Монголдоо анхдагч ажээ.
Нээлтийн үеэр Новел тээвэр логистик ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэнгэлбаяр “Өнөөдөр бид Монголдоо анх удаа ачаа тээврийн том оврын автомашинуудыг стандартын дагуу байршуулах харуул хамгаалалт, камержуулалтын нэгдсэн системтэй, албан ёсны бүртгэл, НӨАТ-ын төлбөр тооцооны систем болон автомашины засвар үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээвэр логистикийн төвийг нээгээд байна. Хөдөө орон нутгийн замд бараа, ажил үйлчилгээ тээвэрлэдэг том оврын автомашины жолооч нарт нэгдсэн зогсоол байхгүй, зам дагуу зогсох болон хотын төв рүү орж түгжрэлд олон цагийг үрэх, ачаа тээврээ өөр өөр үйлчилгээний газруудаас татах зэргээр хугацаа алдах хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг байсан. Тиймээс бид 24 цагийн үйлчилгээтэй төдийгүй бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой төвийг нээгээд байгаа юм. Ингэхдээ хүнс, барааны гэрээт борлуулагч компаниудтай холбогдож, малчид, тээвэрчдэд хамгийн их хэрэгцээтэй байдаг хүнс, бараа бүтээгдэхүүнийг эндээ татан төвлөрүүлэх агуулах нээхийн зэрэгцээ авто лизингийн үйл ажиллагаагаа ч явуулахаар төлөвлөөд байна” гэв.
Мөн энэ тухай Новел лизинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ангар “Орон нутгаас ирж байгаа бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол хотын түгжрэлд ордог, бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хот дотор олон тийшээ том оврын ачааны тэргээр явах шаардлага гардаг, үүнтэй холбоотойгоор цаг их алддаг, шатахууны үргүй зардал өндөр байдаг зэрэг юм. Новел логистикийн төв нээгдсэнээр бизнес эрхлэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнүүдээ тус төвийн агуулахаас бөөний үнээр худалдан авч болохоос гадна шаардлагатай засвар үйлчилгээгээ мөн давхар хийлгэх боломжтой болох юм. Хотын түгжрэлд оролгүйгээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний татан авалтыг нэг газраас хийх боломж үүссэнээр бизнес эрхлэгчид маань 3-4 өдөр зарцуулдаг байсан ажлаа 3-4 цагийн дотор шийдвэрлэх, мөн явдал чирэгдэл болохгүйгээр автомашинаа Новел логистик төвийн засварын газраар засуулах ч боломжтой болох юм” гэдгийг онцоллоо.
3.5 га талбайтай, 40 гаруй том оврын ачаа тээврийн автомашин багтах боломжтой тус зогсоол нь одоогоор нээлтийн урамшуулал болгож ачааны автомашины зогсоолын хоногийн төлбөрийг 5000 төгрөгөөр тогтоосон байна. Эхний ээлжид авто зогсоолыг ашиглалтад оруулж байгаа бөгөөд ойрын ирээдүйд агуулах, засвар үйлчилгээний төв, жолооч нарын амралтын төв гэсэн хэсгүүдийг дэс дараалан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Байршил: Арвайхээр, Дарханы зам салдаг Петровисын ШТС-ын тойргоос баруун аймаг руу гарах замаар 100м яваад замын хойно байрлаж буй авто худалдааны талбай.