Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлдсөнөөс Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрууд уг хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express болон Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэх аж.

“Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019 онд Чойжин ламын сүм музейн барилгын нөхцөл байдлын судалгааг хийж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм байна. Энэ хүчин чармайлтыг дэмжиж тус сангаас Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчирч, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа болон олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулах болжээ.