Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид нийслэл хотод байрлах дөрвөн зочид буудалд тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 шахам иргэнийг саатуулаад байгаа тухай мэдээлэл ирлээ.
"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан эдгээр иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрчээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юм.
Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирж байгаагийн зэрэгцээ гадны иргэдийг тээвэрлэх том оврын автобуснууд бэлэн байдалд байна. Саатуулагдсан хүмүүс дунд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Хонконгийн иргэд бий гэсэн мэдээлэл мөн байгаа аж.
Одоогоор баривчлагдсан хүмүүсийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа тухай албан эх сурвалж хэллээ. Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг саатуулан шалгаж эхэллээ.