Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт ойг угтсан олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал 2019 оны аравдугаар сарын 28-нд нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулдаг “Garuda”-2019 ёслолын арга хэмжээ боллоо. Уг хүндэтгэл ёслолын арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад нийслэлийн удирдлагууд оролцсон.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шилдэг бүтээн байгуулагчдад баяр хүргээд тэдний үйл ажиллагааг үргэлж дэмжин, төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг жишиг болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах ёстой гэлээ. Тэрбээр “Өнөөдрийн төр- хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд миний бие шүүмжлэлтэй ханддаг. Тендер зарлаж, зарласан тендерт хувийн хэвшлийнхэн оролцохыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж эндүүрэх ёсгүй юм. Нийслэлийн хөгжлийг шинэ төвшинд гаргахын тулд хувийн хэвшлийнхнийг урин залж, эрхэмлэн дээдэлж, нөхөрлөн хамтран ажиллах цаг нь болжээ. Өнөөдрийн нийслэлийн хамгийн гол бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшлийнхэн хийсэн байна. Тухайлбал, гадна, дотны зочин гийчдэд зочломтгой монгол хүний ёсоор хандахад хувийн хэвшлийнхний бүтээж босгосон бүхэн нүүр тахалдаг шүү дээ. Тиймээс та бүхэндээ талархахгүй байхын аргагүй. Улаанбаатар хотын зүгээс жил бүр нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг урамшуулан алдаршуулдаг нь зөв зүйтэй арга хэмжээ юм. Энэ бол төрийн зүгээс хувийн хэвшлийнхийг дэмжин, хамтран ажиллаж буйн нэгэн хэлбэр билээ. Түүнчлэн сая гаруй хүн амтай метрополитан хотын хэрэгцээ маш их. Энэ их хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал санхүүгээр зохицуулах амаргүй. Тиймээс нийслэл хотод цаашдаа санхүүгийн эрх чөлөөтэй болох эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байна” гэлээ.
Ингээд нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч “Garuda” цом хүртсэн шилдгүүдийг танилцуулж байна. Шилдэг гарааны бизнес төрөлд “Эрксис Монголиа”, шилдэг брэндинг төрөлд “Ивээл” брэнд, шилдэг дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Бавариа Моторс”, шилдэг барилга байгууламж “NCD” групп “Гарден сити” хотхоны бүтээн байгуулалт тус тус шалгарлаа. Мөн тусгай шагналын шилдэг гарааны бизнес төрөлд “Ворлд плас дижитал” ХХК, шилдэг брэндинг төрөлд “Минпро” ХХК “Таван нүдэн” брэндээрээ, шилдэг барилга байгууламжийн бүтээн байгуулалт төрөлд “Алтай Холдинг” ХХК Имарт Хан-Уул бүрэн барааны дэлгүүрийн бүтээн байгуулалтаараа, шилдэг дэвшилтэт технологи үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Грийн индастри” ХХК Папша брэндийн баяжуулсан хэрчсэн гурил үйлдвэрлэлээрээ тус тус шалгарлаа.
“Миний Улаанбаатар” дуунд “Хангарьд одон” хүртээлээ
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойд зориулсан баярын концерт Соёлын төв өргөөнөө зохион байгуулагдлаа. Энэ үеэр“Миний Улаанбаатар” дуунд нийслэлийн тэргүүн дээд шагнал болох “Хангарьд” одон хүртээж, уг дууны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, хүндэт өргөмжлөл нэг сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулав. “Миний Улаанбаатар” дууны үгийг бичсэн нэрт яруу найрагч Б.Хүрэлбаатар өөрийн биеэр шагналаа гардаж авсан бол дууны аялгууг зохиосон нэрт хөгжмийн зохиолч Х.Баатар агсан, дууг анх олон түмэнд дуулж хүргэсэн МУГЖ В.Оросоо агсаны гэр бүлийн төлөөлөлд шагналыг гардуулсан юм. Шагналын гардуулах ёслолын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “ Миний Улаанбаатар дууны тухайд одоогоос 50 жилийн өмнө Улаанбаатар хотыг өөрийн гэсэн сүлд дуутай болгохоор уралдаан зарласан аж. Харин энэ уралдаанд уг дуу түрүүлээгүй тусгай шагнал хүртэж байсан юм байна. Гэхдээ хүмүүст хамгийн их хүрч, одоог хүртэл нийслэлчүүдийн аманд аялагдаж, албан бус сүлд дуу болон явж байгаа билээ” хэмээн дуу төрсөн бяцхан түүхийг хуваалцсан юм.
Зам талбайн үйлчлэгч Б.Сэр-Од “Хангарьд” одонгоор энгэрээ мялаав
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Тухайлбал нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажилладаг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтан Б.Сэр-Од нийслэлийн тэргүүнд дээд шагнал болох “Хангарьд одон” хүртлээ. Түүний хувьд өөрийнх нь өчүүхэн хөдөлмөрийг үнэлж ийм том дээд шагнал хүртээсэн нийслэлийн удирдлагуудад маш их талархаж байна. Цаашдаа Улаанбаатар хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө улам хичээгүйлэн ажиллах болно гэлээ. Мөн энэ өдөр “Монцамэ” агентлагийн сэтгүүлч, Д.Сайнбаяр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат нар нийслэлийнхээ тэргүүн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор энгэрээ мялаалаа.
Нийслэлийн суурийг тавьсан “Мэлхий хөшөө” -нд хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн шавыг анхлан тавьж байсан “Мэлхийт” хөшөөн болон Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүлэх ёслол боллоо. Тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн нүүдэлчин соёл иргэншилт Монголчууд Шар бүсийн хотыг байгуулсан түүхтэй.Тэр цагаас хойш Шар бүсийн хот нэрээ өөрчлөн, сууриа сэлгэн XVI зуун буюу 1778 онд Богдхан уулын ар, Хатан туулын хөвөөнөө хүн чулуун хөшөөгөөр шав тавьж, энэ цагийн нийслэлийн эхлэл болжээ. Энэхүү шав тавьсан газарт “Мэлхийт” хөшөөг босгон нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 26 жил болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасаны дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагаас нийслэлийн сүлдэт хуур болон Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж буй нь гүн утга агуулга бүхий ёслол юм. Энэхүү ёслолд нийслэлийн иргэд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр хуримлаж буй хосууд хүрэлцэн ирсэнд бэлгэшээж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва гарын бэлэг гардуулж, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайханыг хүсэн ерөөв.