Дорнод аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж баавгайн халдлагаас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцжээ. Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутгаар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 14 удаа баавгай орж ирэх тохиолдол гараад байгаа юм. Тодруулбал, Дашбалбар суманд 1, Баяндун суманд 2, Баян-Уул суманд 11 удаагийн давтамжтай баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх баавгайн орж ирсэн шалтгаан нөхцлөөс дүгнэхэд турсан байдалтай, малын сэг зэм идэх, мал руу дайрч байгаагаас үзэхэд идэш, тэжээлийн хомсдолд орсон байх магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм.
Эдгээр тохиолдлуудаас 11 удаагийн тохиолдлыг хөөж мод руу оруулсан, 1 удаа зөөж тусгай хамгаалалттай газарт тавьсан, 1 агнагдсан, 1 өөрөө ой мод руу оржээ. Хуралдаанаар Дорнод аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүрэн баавгайн учруулж болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллахыг албан даалгавраар үүрэг болгожээ.