Европын Холбооны удирдагчид Их Британийн тус холбооноос гарах хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ. Ингэснээр Их Британи энэ долоо хоногийн пүрэв гарагт ЕХ-ноос гарахгүй болж байна.
Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн мэдэгдсэнээр, "Brexit"-ийн хугацааг уян хатан байдлаар сунгасан бөгөөд Их Британийн парламент гэрээг баталсан тохиолдолд дээр дурдсан хугацаанаас өмнө ЕХ-ноос гарах боломжтой ажээ.
Их Британид ирэх 12 дугаар сарын 12-нд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах тухай Ерөнхий сайд Борис Жонсоны хүсэлтийн талаар парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар бэлтгэж буй үед дээрх шийдвэр гарчээ. Мөн Шотландын Үндэсний нам, Либерал Ардчилсан нам 12 дугаар сарын 9-нд сонгууль явуулах саналыг гаргасан байна.
Их Британи ЕХ-ноос пүрэв гарагт буюу 10 дугаар сарын 31-нд гарах байсан боловч Б.Жонсон "Brexit"-ийн гэрээний талаар парламентын гишүүдтэй тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас дахин сунгах хүсэлтийг гаргасан билээ.