Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ. Тэд шагналаа өнөөдөр Төрийн ордонд гардаж авна. "Харанга" хамтлагийнхан 10 хоногийн өмнө Буян ухаа дахь спорт цогцолборт 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо үзэгчид, фэнүүддээ өргөн барьсан билээ.
"Харанга" хамтлаг 1989 онд анх байгуулагдсан бүрэлдэхүүнээ огт өөрчлөлгүйгээр 30 жил тайзнаа дуулж байгаа гэдгээрээ Монголын рок попын түүхэнд нэгэн рекорд тогтоосон юм. Тус хамтлагийг байгуулагдахаас 14 жилийн өмнө Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар Улаанбаатар төмөр замын дэргэдэх "Ногоон гэрэл" хамтлагт дуулж, уран бүтээлийн замаа эхэлсэн ажээ. "Ногоон гэрэл" хамтлагт байхдаа зохиож дуулсан "Шивнээ" дуугаа хожим "Харанга" хамтлагийнхан "Дэлхий ертөнц" тоглолт дээрээ сэргээн дуулж байсан түүхтэй.
1977-1978 онд Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар дараалан цэргийн албанд татагдаж, тэнд Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш нартай нэгдэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэдэх "Нөхөрлөл", "Соёмбо" хамтлагуудад дуулж эхэлснээр өнөөгийн "Харанга" хамтлаг үндсэндээ бүрджээ. Хэдэн жилийн дараа хамтлагаа байгуулахдаа Х.Лхагвасүрэнг дуучнаар авч, улмаар хөгжимчин Х.Булганыг мөн элсүүлснээр "Харанга" хамтлаг бүрдэж байжээ.